2015 оны 11 сарын байдлаар Монгол Улсын иргэн нийт 107 хүн гадны улсад хорих ял эдэлж байна. Эдгээр нь 3-аас дээш 25 жил хүртэл хорих ялтай бас цаазаар авах ялтай хүмүүс ч байна. Эдгээр хүмүүсээс 22 нь эмэгтэй хүн. Харин монголд ял эдэлж байгаа хүн 20 гаруй байна.
Гадаадын улс оронд ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн хүмүүст Өршөөлийн хууль бас хамааралтай. Юуны өмнө, гадаадад ял эдэлж байгаа хүмүүс эх орондоо хорих ялаа эдлэх хүсэлтээ гаргаж, Монгол Улсдаа шилжин ирсэн байх шаардлагатай.
Нөгөө талаар Өршөөлийн хууль зөвхөн, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст л хамаарах юм. Өршөөлийн хуулийн талаар товчхон хэлэхэд, энэ Хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар зарим хүмүүсийн ял бүхэлдээ өршөөгдөж, ялаасаа бүрэн чөлөөлөгдөж байгаа, 5 дугаар зүйлийн зааснаар Эрүүгийн хуулийн зарим зүйл хэсэг заасан тухайлбал, хулгай /Эрүүгийн хуулийн 145.3/, дээрэм /Эрүүгийн хуулийн 147.2/, танхайрах /Эрүүгийн хуулийн 181.2/ хэргүүдийг үйлдэж, хорих ял шийтгэгдсэн хүмүүсийн ялаас 2 жилийг өршөөн хасах юм.
Харин Өршөөлийн хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөлд хамаарахгүй юм. Тухайлбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг тээвэрлэсэн хэрэг, хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүчин, хулгай, дээрмийн гэмт хэргийг үйлдсэн хүмүүс бол өршөөлд хамаарагдахгүй гэсэн үг юм.
Өршөөлд хамрагдын тулд монголд байгаа ар гэрийн хүмүүс нь хүсэлт гаргасан тохиолдолд, ял эдэлж байгаа хүний улсад суух манай Элчин сайдын яаманд нь хүсэлтийг шилжүүлж, Монгол улсад шилжүүлж ялыг нь эдлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан талаар тайлбарлаж, өөрөө зөвшөөрсөн нөхцөлд материалыг бүрдүүлж ирүүлж шийдвэрлэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 412 дугаар зүйлийн 2-т зааснаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Монгол Улсын иргэн тухайн хүнээс гаргасан “эх орондоо ирж ялаа эдлэе” гэсэн хүсэлтийг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргадаг.
Энэ эрх, эрх чөлөөг эдлэх боломжоор хангах үүргийг төр, иргэдийнхээ өмнө хүлээсэн байдаг. Тиймээс гадаадад байгаа хүмүүс гаргасан хүсэлтийг ч бид хянаж шийдвэрлэж үүрэгтэй.
www.TOP.mn