05.26

Нийслэлийн есөн дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан хашаа хороог цэгцлэх ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар 42 аж ахуйн нэгжийн хашаа хороог өөрчлөх, шинэчлэх, буулгах ажил хийгдэж байна. Энэ ажилд зарим аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Санаачлагатай оролцож, хашааныхаа өнгө үзэмжийг шинэчлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Мэдэгдэл, шаардлага өгсөн ч ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагууд бас байна. Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуйн нэгж, байгууллагын хашааг албадан буулгасан. Стандартын шаардлага хангаагүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан хашаа, хороог буулгах ажил зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ ажил шаардлагатай гэвэл цаашид үргэлжлээд явна. Цаашид хэн дуртай нь хаа дуртай газраа хашаа барихгүй. Хэрвээ хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол нийслэлээс баталсан стандартын дагуу хашаа хороо, барилгаа барина. Зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй айл өрхүүд ч үүнд хамаатай. Өөрийнхөө эзэмшсэн хашаа, хороондоо эзний ёсоор хандаарай гэдгийг Хотын Захирагч мэдээлэлдээ онцолж хэллээ.

Мөн “Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрыг цуцалж, ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг холбогдох газруудад зураг төсөл боловсруулагдаж байна. Ямар нэршилтэй, ямар байдлаар тохижуулах талд иргэдээс нээлттэй санал авна” гэдгийг мөн дуулгалаа.

Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуультай хамтран ажиллах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ онцолж хэллээ. Нийслэл даяар иргэдийн эрүүл мэнд эмчилгээ, оношилгооны үйлчилгээг түргэн шуурхай болгох, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэн хөгжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлж байна. Энэ хүрээнд боловсон хүчин бэлтгэхэд АШУҮИС-тай хамтарч ажиллана гэсэн юм.