ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ ХҮН цувралаас: Харвардын их сургуулийн төгсөгчдийн холбооноос нэгэн сонирхолтой судалгааг нийтэлсэн байна. Харвардыг төгссөн олон мянган төгсөгчдийн 39 хувь нь өөрийн компани болон төрийн бус байгууллагаа байгуулж чадсан бөгөөд нийтдээ 146,000 идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 2014 оны нийт орлого нь 4 триллион долларт хүрч 20.4 сая ажлын байрыг бий болгосон гэж бичжээ.
Нэг их сургууль 20 сая хүний амьдралыг эергээр өөрчилж чадаж байхад 3 сая хүнийг сайхан амьдруулах нөөц бололцоо байгаа хэрнээ бид яагаад учираа олохгүй өдийг хүрэв гэдгийг бодох хэрэгтэй. Бид 13 дугаар зуунд дэлхийг байлдан дагуулсан агуу түүх шигээ 21 зуунд мэдлэг боловсрол, дэлхийд өрсөлдөх чадвараараа гайхуулах бүрэн боломж байна. Олимпийн аварга Түвшинбаяр, Сумогийн Дагвадорж, дэлхийн ой тогтоолтийн болон сампингийн уралдаануудад Монголынхоо нэрийг гаргаж байгаа залуучуудаараа бид бахархах ёстой.
Спорт, урлаг, ой тогтоолтын тэмцээнд гайхамшигтай амжилт үзүүлж байгаа шигээ бизнес, инновацийг бий болгох, дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа ядуурал, орлогын тэгш бус байдал, байгаль орчны бохирдол, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэрэг олон асуудлын шийдлийг бий болгоход Монгол хүн бүрэн хувь нэмэрээ оруулах чадвартай бас боломжтой. Бидэнд юу дутагдаж байна вэ? Яагаад бид дэлхийд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргаж баялаг бүтээж чадахгүй байна, Монгол хүн бүхэн чинээлэг амьдрах төрийн бодлого ямар байх ёстой, бусдын туршлага ямар байгааг энэхүү цувралаараа та бүхэнтэйгээ хэлэлцэх болно. Бүх зүйлийн шийдлийг би мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой тэгэхээр өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье!
Бид Монгол хүнийхээ оюуны өндөр чадамжийг ашиглан даяаршиж байгаа байгаа дэлхийн баялагаас хуваалцах боломжтой. Ингэхийн тулд боловсролдоо хөрөнгө оруулах төрийн алсын хараатай бодлогоос эхлэх ёстой. Олон мянган залуучуудаа дэлхийн ирээдүйн хандлагыг тодорхойлж байгаа Харвард, Массачусэттсийн Технологийн дээд сургуульд төрөөс зардлыг нь бүрэн гаргаж сургая, тэдгээр залуучуудаараа дамжуулан Монголчуудын дэлхийг байлдан дагуулах салбаруудыг бий болгож хөгжүүлэн дэлхийд өрсөлдөе!
Өнөөдөр эдийн засгийн хөгжил, улс гүрнүүдийн баялаг бүтээж өрсөлдөх чадвар тухайн орны улс төр, нийгмийн тогтвортой байдлын баталгаа болж байна, бид Украйн, Сирийн араас орох гээгүй л бол мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож ард иргэд нь оюуны чадвараа ашиглаж амьдардаг нийгэмд шилжихээс өөр арга байхгүй. Оюу толгой, Таван толгойн баялгийг толгойдоо хийж Монголын цаашдын хөгжлийн тогтвортой байдлыг хангах ёстой. Энэ бол Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн эрхэм зорилго болох ёстой.
Бид дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг хөгжүүлэх шийдлүүдийг гаргах цаг нь болжээ. Та саналаа хэлээрэй!

Хүндэтгэсэн: Бархүүгийн Отгонбат, Кэмбриж хот, Массачусэттс муж