Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн төслийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байх үед өргөн барьсан ч өдгөө Д.Дорлигжав сайд “засварлан” оруулж ирж байгаа билээ. Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Гэмт хэргийн хуулийн төслийн нэрийг Эрүүгийн хууль гэж өөрчлөн оруулж ирж”, “Гэмт хэргийн хууль нь 5-7 хувьтай өөрчлөлт орсон байна” хэмээн жиргэсэн юм.
Харин байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хоёр хоногийн урьд УИХ-д тараасан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэсэн ийм том хуулийг уншиж танилцах ч боломж олгохгvй ярьж байна” хэмээв. Тэгвэл Х.Тэмүүжингийн 5-7 хувь өөрчлөлттэй байна гэсэн хуулийн төсөлд сонирхолтой заалтууд хэр байгааг сонирхъё.
Хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т 2.Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, ажил, албан тушаал, оршин суугаа газар, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.
4.Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.Нэг гэмт хэрэгт нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
1.5 дугаар зүйл.Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Дипломат халдашгүй эрх, эрх ямба эдэлж байгаа хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
4.Энэ хуульд заасан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах
1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.
2.Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос доош хэмжээгээр ял оногдуулна.
4.3 дугаар зүйл.Гарцаагүй байдалд хохирол учруулах
1.Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.
5.2 дугаар зүйл.Ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд дор дурдсан ял оногдуулна:
1.1.торгох;
1.2.нийтэд тустай ажил хийлгэх;
1.3.гэрийн хорионд байлгах;
1.4.хорих;
1.5.эрх хасах.
6.2 дугаар зүйл.Эрүүгийн хариуцлага оногдуулах насны хязгаар
1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2. Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.19 зүйлийн 2/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Энэ зүйлийн 2 дах хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол эрүүгийн хариуцлага оногдуулахгүй.
13.8 дугаар зүйл.Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хийсэн гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжгүй бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасч, нэг сараас нэг жил хүртэл хорих ялаар шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл. Хувь хүний нууцыг задруулах
1.Хувь хүн нууцалж, хамгаалсан баримт, мэдээллийг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл. Хүнийг гүтгэх
1.Хүний нэр төр алдар хүндэд халдаж илт худал мэдээлэл, баримт сэлт тараасан эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй мэдээлсний улмаас тухайн хүн мөрдөн шалгагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн, эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсан, сургуулиас хасагдсан, гэрлэлтийг цуцалсан, өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн бол бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зэргээр заасан байна. Хуулийн төслийг бүрэн эхээр нь www.parliament.mn сайтаас унших боломжтой.
П.ТУУЛ