"Mongolia Mining 2015” уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийн олон улсын үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр нээлтээ хийлээ. Тав дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд Турк, Их Британи болон Умард Ирланд, АНУ-ын Элчин сайд болон тус яамны төлөөлөгчид оролцов. Үзэсгэлэнг нээж, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг хэлсэн үгэндээ “Манай улс хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлсэн” гэдгийг онцолсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 15 орны 120 орчим аж ахуйн нэгж оролцож буй юм.
Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнд Монголд үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, Франц, ОХУ, Польш, Япон, БНХАУ, Сингапур, Швед, Турк улсаас Тяньжиний олон улсын уул уурхайн хөрөнгийн бирж, БНПУ-ын Бээжин дахь Элчин сайдын яамны Худалдаа хөрөнгө оруулалтын хэлтэс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Худалдаа хөрөнгө оруулалтын хэлтэс, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны хэлтэс гэх мэт томоохон байгууллага, компаниуд багтсан болохыг зохион байгуулагчид дуулгаж байв. Мөн оролцогчдын 40 хувь нь гадаадын хөрөнгө оруулагч байгаа тухай өгүүлж байв. Энэ үеэр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих мега төслүүд сэдвээр семинариуд мөн тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолт зохион байгуулах аж. Уул уурхайн дэвшилтэт техник технологийг Монголын зах зээлд орж ирэхэд “гүүр” болох зорилготой хэмээн тодорхойлдог тус үзэсгэлэн энэ жил газрын тосны салбарыг ихээхэн онцолж буй. Тиймээс уул уурхай, газрын тосны техник технологи гэсэн үндсэн хэсгээс бүрдэх ажээ. Тэгвэл бодит байдалд гадаадын хөрөнгө оруулалт 2011 оноос хойш 9. дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнтэй холбогдуулан уул уурхайн салбарт ч мөн адил тоног төхөөрөмжийн импорт буурсан дүр зурагтай хэвээр байна. Хэдий тийм ч улстөрчид хийгээд бизнесийн салбарынхан өнгөрсөн онд УИХ-аар баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д нэлээд найдвар тавьж буй Тэдний хэлж буйгаар тус баримт бичгийг баталснаар Монгол Улс анх удаа эдийн засгийн тулгуур болох эрдэс баялгийн салбарт 2025 оныг хүртэл баримтлах урт хугацааны бодлоготой болсон нь давуу тал гэж харж буй. Маш товчхондоо хөрөнгө оруулагчдад, төр хувийн хэвшлийн уул уурхайн компаниудад манай улсын эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого ойлгомжтой болж хүрэх юм.
Мэдээж урт хугацаанд тогтвортой эрхзүйн орчин бүрдэх нь хөрөнгө оруулалт татах хамгийн чухал. Энэ тухай ч хөрөнгө оруулагчдаас эхлээд эдийн засагчид, улстөрчид олон жил ярьсан нь бий. Гэвч Засгийн газрын тогтворгүй байдлаас үүссэн салбарын томилгоо зэрэг нь хөрөнгө оруулагчдад одоог хүртэл эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа юм. Ямартай ч, уул уурхайн салбарынхан сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасч, хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулахгүйгээр дэргэдээсээ техникийн хөгжлийн чиг хандлагыг олж мэдэх сайхан боломжийг тус үзэсгэлэн олгож буй юм. Түүнчлэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг ч “Mon golia Mining” бүрдүүлдэг. Үүнээс гадна уул уурхайн салбарт бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн дотоодын хамгийн шилдэг ханган нийлүүлэгчид шинэ бүтээгдэхүүнээ гурван хоногт танилцуулах юм. Сонирхуулахад энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд оролцогч болон сонирхогчдод зориулан “Улаанбаатар”, “Баянгол Рамада” зочид буудлын урдаас “Буянт Ухаа” спорт цогцолборт хүргэх автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.