01.14

Урьд нь бүртгүүлж байгаагүй,өвлөж авсан ангийн бууг яаж бүртгүүлэх вэ?

Та Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. Ингэж нөхөн бүртгүүлсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

1.     Галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

2.     Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

4.   Тухайн иргэний гурван хувь цээж зураг;

5. Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

6.   Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

7. Өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

8. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;

9. Энэ хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас зэрэг болно.

Үүнээс гадна галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг цагдаагийн байгууллага гаргаж өгнө.

Ер нь галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг зохицуулсан буюу Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагалдан гарах 13 журам, дүрэм, заавар батлагдаад байна.

Хуулийн хэлтсээс батлагдсан эрх зүйн актыг тухай бүр police.gov.mn цахим сайтад байршуулж байгаа бөгөөд алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

www.TOP.mn