Даанч харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа www.top.mn сайтын хамт олон уншигчидаасаа уучлалт гуйж байна. Анхлан манай сайт орцонд хаягдсан бяцхан охин эх нялхаст эмчлүүлж байна, бие нь муу байгаа тухай мэдээллийг уншигчиддаа дуулгаж байсан. Мэдээллийн дагуу Монголоос болон гадаад орноос сайхан сэтгэлт хүмүүс манай редакцийн утас руу залгаж туслахыг хүсэн бид охиныг асарч байгаа хүмүүстэй холбож өгсөн юм. Түүнээс хойш бяцхан Эвээл охинтойгоо сэтгэл зүрхээрээ хамт байж асрагч эхээс нь мэдээлэл аван уншигчиддаа тухай бүрд нь дуулгаж, мэдээлж байсан. Сүүлийн өдрүүдэд ээж нь олдсоноос хойш эмчлэгч эмч болон асран халамжлагч нарынх нь хүсэлтээр "хүмүүсийн хар цагаан хэл амнаас охиноо хамгаалмаар байна. Бие нь сайнгүй байгаа. Болвол битгий сайтаараа мэдээлэл тавиач. Юутай ч охиныхоо биеийг эхлээд сайжруулаад авъя. Тэр болтол мэдээлэл тавиулмааргүй байна" гэсний дагуу бид мэдээлэл тавихгүй байсан ч өчигдөр бяцхан охин маань 16 цагийн үед өөд боллоо. Хүний орчлонд ирээд жил гаруйхан болсон ч , ээждээ гологдож хаягдсан ч олон мянган монгол ээжүүдийн хайранд богинохон хугацаанд гэсэн өлгийдүүлсээр бурханы орныг зорьсон охиныхоо араас залбирахаас өөр чадах зүйл алгаа.
Гэхдээ бид зүгээр суухгүй ээ, Эвээл охины араас сэтгэл зүрх нь урагдан хайрлаж байсан олон мянган эхчүүд ч хэрэгтнийг зүгээр суулгахгүй байх. Яагаад энэ орчлонд ямар ч буруу зүйл хийгээгүй байж бусдын тэнэг алдаанаас болж энэ үрс ингэж зовлон амсах ёстой гэж. Яагаад том болцгоосон бид ээж аавынхаа хайранд өлгийдүүлж өдий болчихсон байж өөрөөсөө унасан хамгийн үнэтэй эрдэнээ хайрлаж хамгаалж чадахгүй бүр алж хаяж чадаж байна аа.
Сэтгэл маш их өвдөж байна.
Сайн төрлийг олоод олон сайхан ээжүүдийн хэн нэгнийх нь хайранд умбахаар эргэн төрөөрэй охин минь.
Ум маа ни бад мэ хум
www.top.mn