Төр засаг нэг л биш ээ. Урьд өмнө эдийн засаг хямарч байсан уу гэвэл хямарч л байсан. Зөвхөн өнөөдөр хямарчихаад байгаа юм биш. Хамтдаа хэлэлцээд хямралыг даваад гарсан түүх саяхан байв. Нийгмийн амьдрал ядуурч, сайд дарга нар огцорч байв уу гэвэл ядуурч, огцорч л байсан. Энэ нь дэлхий нийтийн жишиг, хүний нийгмийн жамт ёс. Харин төр засаг маань энэ бүгдээс нэг л өөр замаар яваад байгаа нь сонирхол татахаас гадна айдас төрүүлнэ. Үнэнийг хэлэхэд сүүлийн гурван жилд нийт иргэд нэг л айдас дундуур явж иржээ.
Албан тушаал, суудлын төлөөх хэт улайрал, хувийн эрх ашгийг өндөрт тавьсан байдал, улстөрийн хүчнүүдийн хоорондын толхилцоон, намын дотоод самуун гээд бүгд өөр болчихжээ. Монгол Улсыг дөнгөж өчигдөрхөн байгуулж байгаа юм шиг хэдэн сайд дарга нар индэр дээрээс ихэд дөвчигнөх юм. Ийн дөвчигнөхдөө дандаа худлаа ярина. Хямрал нүүрлэлээ хэмээн хаа хаанаа халаглах. Амьдрал ядуурлаа хэмээн гэрт гадаагүй үглэх. Тэгээд шийдвэр гаргах түвшинд ээлжит, ээлжит бусаар хурал хуй зарлаад л хөл болно. Ингэхээр нь ард олон одоо л нэг арга хэмжээ авах нь гэтэл байдаггүй. Өнөөх хуралдаан маань нам эвслүүдийн хэрүүл болж, сүүлдээ намын дотоод хуйвалдаан руу орчих жишээтэй. Яачихсан Засгийн газар, яачихсан УИХ вэ.
Тэртээ тэргүй монголчууд бидэнд итгэж найдах төр үгүй энэ цаг дор өөрсдөдөө л итгэж амьдрахаас өөр аргагүй. Монголчууд л болсон хойно зүдэрч ядуурахаараа өнөөх лам хар болж хэдэн төгрөгөө бариад гүйдэг биз дээ. Түүнээс биш бид чинь тарган цатгалан явахдаа тэднийг тоож хардаггүй бас сэхүүн зантай улс. Угаасаа тэнгэр язгууртан бид нар бөөгийн шашинт улс. Тэгэхээр бид нарт Төрийн зайран Д.Бямбадоржоос эхлээд олон тэнгэр шүтлэгтэн, тэндээс ирсэн гэж өөрсдийгөө зарлагсад байгаа. Тэдэнд чухам хэн нь тэнгэрээс ирсэн гэж хэлснийг мэдэхгүй. Тэнгэр заяат гэдгийг нь ч хэнхэлсэн юм, мэдэхгүй. Хаа сайгүй л өөрсдийгөө бүхнийг захирагч зайран, удган хэмээн хэлж, хэлүүлж явах юм билээ.
Өөрийнхөө уран бүтээлийн номыг гаргахдаа “Төрийн зайран Д.Бямбадорж” хэмээн тодоос тод бичсэнээс харвал яах аргагүй Төрөөс хайрласан мэт. Ингээд Монгол Улсад хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмийг хараад байхаар “Төрийн зайран” гэсэн нэршил, түүнийг хэн нэгэнд олгох тухай нэгээхэн ч үг өгүүлбэр байхгүй.
Яагаав өнөөх Сүхбаатар жанжны тухай кинонд “Харав уу, та нар. Ардын намын жанжин намайг төрд хэрэгтэй зайран гэлээ” хэмээн нэрт жүжигчин цээжээ дэлдэж зогсдог доо. Тэгэхдээ та бүхний ажил үйлсийн төлөө өдөр шөнөгүй хэнгэрэг дэлдэж, хамаг эд эсээ үхүүлж байгаа шахуу юм ярьдаг биз дээ.
Хэдийгээр тус кинонд үүнийг өгүүлэгчийг эсрэг дүрээр гаргасан ч энэ бол гарцаа байхгүй Монголоо гэсэн зүрх сэтгэл, улс эх орноо гэсэн иргэн хүний зовнил юм. Тэгэхээр нэгэнт бүхнийг чадагч, тэнгэр заяат хэмээх цол хүртсэн л юм бол энэ болохгүй байгаа төр улсаа засалцахад гар бие оролцмоор байна. Ер нь тэнгэр хэмээх аугаа их нэрийг ийн хаа хамаагүй хэрэглэж, барьж явж болдог юм уу гээд олон асуудал хөндөгдөнө шүү. Хууль журмаар оноогдсон ийм нэршил үгүй атал ийн нэрлүүлж яваа нь өөрөө гэмт хэрэг болох учиртай. Чухам энэ нэрийг яагаад сонгож, юуны тулд улайраад байна гээд ярих юм бол олон асуудал босох нь дамжиггүй. Ямар ард олон өгчихсөн хоч биш.
А.Гал