Та төрсөн өдрөө тэмдэглэдэг үү? Мэдээж, 1950, 1960, 1970-аад оноос хойш төрөгсдийн олонх нь “тийм” хэмээн хариулах байх. Гэтэл, манай хуучны ёсонд “төрсөн өдөр” хэмээн тусгайд нь тэмдэглэх явдал байгаагүй гэдэг. Угаас “төрсөн өдөр” гэх эл нэршил, ойлголт нь ч монголынх бус, орос хэлний “День рождение” хэмээхийн шууд орчуулга бололтой. Харин Цагаан сар монгол хүн бүрийн хувьд шинэ оны баяр, мөн нас нэмсний буюу “төрсөн өдрийн баяр” болдог байж.
Дашрамд өгүүлэхэд, өрнө, дорнын улс орнуудад шашны голлох зүтгэлтнүүд, хаад удирдагчдынхаа төрсөн өдрийг үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж ирсэн нь өдгөө ч хэвээр. Үүний тодхон жишээ нь Исус Христосын мэндэлсэн өдөр буюу Зул сарын баяр (Рождества Христова, Christmas Eve, Christmas Day) юм. Манай түүхэнд Богд Чингис хааны мэндэлсэн буюу сүүдэр тохиосон өдрийг “Их тайлга” гэх нэрээр алтан ургийнхны хүрээнд тэмдэглэдэг байсан гэх мэдээ бий. Мөн шарын шашин ихэд дэлгэрсэнтэй холбоотойгоор Бурхан багшийн их дүйчэн өдөр, Богд Зонховын мэндэлсэн өдөр буюу Зулын хорин таван зэргийг тэмдэглэж ирсэн ажээ. Хожим, Хаант Монгол улсын үед Богд хааны төрсөн өдрийг “Богд хааны мэлмий гийсэн өдөр” гэх нэрээр төрийн таван баярын нэг болгон жил бүрийн намрын сүүл сард тэмдэглэдэг байжээ.
1920-иод онд “хээрийн галуу нисэн үл хүрэх” Франц, Германд суралцаж асан монгол охид хөвгүүд эх орондоо ирсэн хойноо мөнөөх Зул сарын баярыг “Шинэ жилийн баяр” болгон тэмдэглэх болсон гэдэг. Үүнийг дагалдаад “Төрсөн өдрийн баяр”-ыг ч тэмдэглэж эхэлсэн байж болох талтай.
Энэ бүхнийг нуршихын учир нь, одоогоос 70 жилийн тэртээ буюу 1945 онд Монголчууд нэгэн хүний төрсөн өдөр буюу насны ойг улс даяараа их л сүртэйгээр тэмдэглэжээ. Мэдээж тэр нь “хар тэргүүт” жирийн нэгэн биш, одоогоос 120 жилийн тэртээ Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны нутаг Хэрлэн цагаан талбай хэмээх газар ядуу эмэгтэй Хорлоогийн гэрт мэндэлж хожмоо Кремлийн эмнэлэгт насан эцэслэх хүртлээ улс Монголынхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж “Монголын ард түмний дотны хайрт жолоодогч”, “Хайрт эцэг”, “Улсын шалгарсан манлай баатар”, “Өрлөг жанжин” гэхчлэн өргөмжлөгдөж, үлдээсэн ул мөр нь түүхийн дэнсээр дэнслэгдэн буй маршал Х.Чойбалсан юм.
Улс төрийн хэлмэгдүүлэлт, Халхын голын дайн, хоттой малаа 200 саяд хүргэх Сталин “багш”-ийн даалгаврыг гүйцэлдүүлэх их ажил, Дэлхийн II дайны хүнд бэрх он жилүүд, Чөлөөлөх дайн, тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл, “Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө” гэхчлэн 1930, 40-өөд онд өрнөсөн бүх л үйл явдалд түүний гүйцэтгэсэн үүрэг асар их. Энэ бүхний эцэст Чойбалсанг тахин шүтэх явдал оргилдоо хүрчээ. Үүний илрэл нь 1945 онд Чойбалсангийн 50 насны ойг улс даяар сүртэй тэмдэглэснээс харагддаг. Их удирдагчийн ойг тэмдэглэх ажилд эгэл ардаасаа эхлэн эрдэмтэн мэргэдээ хүртэл бүгд л идэвхийлэн оролцож жолоодогчоо магтан дуулж, мөнхжүүлэн дээдлэх олон ажил зохиосны нэг нь маршалд зориулж бэлэг дурсгалын зүйл бүтээхэд чиглэж байжээ. Чухам энэ үед маршал Чойбалсанд зориулж бүтээгдсэн цөөнгүй эд өлгийн зүйлс манай музейд хадгалагдаж байдгийн нэг нь өдгөө танд толилуулан буй хуучир хөгжим юм.
Энэ нь өнгөц харахад дөрвөн чихтэй хүрэн модон иштэй, дээрээ өлзий хээ бүхий дугуй гуулин бортоготой ердийн л нэг хуучир хөгжим. Лавшруулан үзэхэд, дээрээ ногоон өнгөөр өлзий хээ тавьсан дугуй гуулин бортоготой, бортогоны хоёр талыг нарийхан хавтгай мөнгөн цагиргаар боожээ. Бортогоны нэг тал онгорхой, нөгөө тал буюу арьсан царан дээр нь 1940-өөд оны үеийн БНМАУ-ын төрийн сүлдийг өнгө алаглуулан зуржээ. Хуучирын ишний төгсгөл буюу бортоготой залгаа хэсгийг дээрээ цэцэг навч, алхан хээ бүхий цагаан өнгийн төмрөөр дугтуйлж бэхэлсэн байна. Харин ишний толгойг хавтгай дөрвөлжин хэлбэр гарган урлаж таван хошуу ба ромбо хэлбэрт ясан чимэг шигтгэн чимэглэжээ. Уул хөгжим нь цагаан, ногоон өнгөөр будаж хээлсэн нэгэн адил хэмжээтэй 4 ширхэг чихтэй.
Шаргал өнгийн хулс модон нумтай. Хар, саарал өнгийн хялгасан татлагатай.
Хуурын өндөр 91 см, бортогоны өргөн 16,5 см, дм 8,5 см, ишний урт 81 см, чихний урт 18 см, нумны урт 76,5 см.
Хуучир нь нилээд эдлэгдэж хуучирсан, чихнүүд нь хөдөлгөөнтэй болсон, мөн ишний толгой нь залгаасаараа хөдөлгөөнтэй болжээ.
Эл хуучирын гол онцлог нь иш модны эргэн тойрон дахь бичээс юм. Хавтгай бөөрөнхийдүү ишний нь 3 талд шар боронзоор “1945 он 2-р сарын 8”, “Маршал Чойбалсангийн 50 нас хүрсэнд бэлэглэв”, “6-р хороо 6-р хорины 60 настай ард Лувсанчүлтэмээс” гэхчлэн бичжээ. Энд онцлоход, тэр цагийн ихэнх Монгол хүн төрсөн өдрөө тэр бүр тодорхой мэддэггүй, ихэнхдээ улирлын багцаатай л хэлдэг байсан атал маршалын төрсөн өдрийг “2-р сарын 8” хэмээн тов тодорхой тогтоосон нь их л сонирхолтой. Бодоход, Засгийн газраас томилогдсон тусгай комисс маршалтай ярилцаж байж энэхүү огноог тодорхой гаргасан нь лавтай. Ийн тодорхой болгох нь удирдагчаа бурханчлан дээдэлдэг тоталитари дэглэмд үзэл суртлын талаасаа ч хэрэгтэй байсан байх. Магадгүй, маршалын төрсөн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх холын бодол байсан ч байж болох.
Хуучирын толгой хавьд буй таван хошуу хэлбэрт ясан шигтгээ, царан дээрх төрийн сүлд зэрэг нь тухайн цагийнхаа өнгө төрхийг илтгэх аж.
Маршалд бэлэглэсэн эл хуучир чухам хэзээ музейн үзмэр болсон нь тодорхойгүй. Ямартай ч Улсын төв музейн 1969 онд хийсэн тооллогын материалд энэ хуучирын талаар “Эрээн хуучир. 6-р хороо 6-р хорины Лувсанчүлтэмийн хийсэн, Чойбалсангийн 50 насны ойд бэлэглэсэн” гэхчлэн их л товчхон өгүүлжээ. Энэхүү 6-р хороо, 6-р хорин нь чухам хаанахынх гэдэг нь бүрхэг. Мөн музейд чухам хэзээ авсан талаар тодорхой баримт ер олдсонгүй. Бодоход, маршал Чойбалсанд бэлэглэсэн бүх л бэлэг сэлтийн зүйлсийг ой тэмдэглэх ажлын дараа нэг дор бөөгнүүлж Хувьсгалын музей, Сүхбаатар, Чойбалсангийн музей зэрэгт дэглэн үзүүлж байгаад 1956 оноос Улсын Төв Музейд шилжүүлсэн байж магадгүй юм.
Ийнхүү жилдээ ганцхан удаа билгийн тооллын цагаан сараар л шинэ оны хийгээд “төрсөн өдрийн баяр”-аа хамтатган тэмдэглэж ирсэн Монголын уламжлалт ёсыг халж европ маягаар буюу Григорийн тооллоор “төрсөн өдөр”-өө тэмдэглэх болсны гэрч болох хуучир хөгжим музейн шилэн хоргоны цаана чимээгүйхэн дүнсийнэ.
МҮМ-н сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаяр