01.18

Б.Шүүдэрцэцэг: Монголн ”Цагаан сар”-д хүрээ соёл нөлөөлсөн

“Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Сувдан даруулга” зэрэг зохиолоороо олны хайр хүндэтгэлийг хүлээсэн зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг буюу Б.Тогтохбаяртай уран бүтээл, уламжлалт зан заншлын талаар ярилцлаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй монголчууд бидний үндэсний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Танай гэр бүл сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Баярлалаа. Гэрэг.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай гэр бүлийн хувьд сар шинийн баярыг уламжлал, зан заншил талаас нь тэмдэглэдэг. Хоёр талын маань ээж аавууд маань байдаг болохоор цагаан сарыг гэртээ хийдэггүй л дээ. Гэхдээ монгол хүний хувьд гэр орон, хувцас хунар гээд л бүх зүйлээ шинэхэн, цэвэр цэмцгэр, цагаан цайлган байлгахыг хичээдэг. Жилийн жилд гэр бүлээрээ шинэ дээл хувцас хийлгэж өмсдөг.

Энэ жилийн цагаан сараар таны хувьд ямар өнгийн, ямар загвартай дээл өмсөхөөр төлөвлөж байна вэ. Өөрөө дээлээ оёж өмсдөг үү?

-Ажил ихтэй учраас тэр бүр дээл оёод байж чаддаггүй. Миний хувьд монгол хэлтэн, зохиолч учраас ганцхан цагаан сараар бус бусад үед ч дээл өмсдөг. Та бүхэн ажигласан бол ихэнх арга хэмжээнд дээлтэй очдог. Дээл өмсөх дуртай. Өөрөө сайн оёдоггүй учраас бусад дээл оёдог хувь хүн, салонуудаар хийлгэж өмсдөг. Тухайлбал, “Монгол костюмс”, “Хайрын хурим”, “Шилмэл торго” зэргээр дээл хийлгэх дуртай.

Энэ жил “Говь”-ийн дээлүүдийг сонирхож байгаа. Яг одоогоор ямар дээл сонгохоо шийдэж амжаагүй л байна.

Хэдийгээр сар шинийн баяраар гэртээ ууц идээ засаад зочид хүлээж аваад байдаггүй ч гэсэн. Гэнэтийн зочин очиход цайтай, буузтайгаа л байна биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гэртээ, ажил дээрээ бэлгэдэл болгож тавгийн идээ засдаг. Цагаан сараас өмнө хэдэн бууз хийж хөлдөөдөг.

Шинийн нэгний өглөөг айл гэрийн эзэгтэй хүний хувьд яаж угтдаг вэ. Мөр зүгээ гаргадаг уу?

-Мөр зүгээ гаргалгүй яахав. Нар битүү байхад мөрөө гаргадаг. Тэгээд нар мандахаас өмнө шинэ цай чанадаг. Цай чанаж байхдаа тухайн жилийнхээ хамгийн сайн сайхан бүхнээ бодож, цайгаа самардаг. Дараа нь бурхандаа цайны дээжээ өргөөд, хань ижил хүүхдүүдтэйгээ халуун бүлээрээ суугаад цайлдаг. Цайлахаас өмнө хүүхдүүд маань аав ээждээ золгодог. Тэгээд л хоёр талын аав ээждээ золгохоор явдаг.

Залуу байхад ихэнхдээ хадам аавындаа эхэлж очдог байсан л даа. Харин сүүлийн хэдэн жил хань маань тэгш эрхийг илүү үзэж, ээлжилж эхэлж очдог болсон. Өөрөө хэлбэл, энэ жил хадам аавынд эхэлж очсон бол, дараа жил манай аав ээж дээр очно гэж зохицдог болсон.

Энэ цагаан сараар хадам аавындаа түрүүлж очно.

-Олон хөгшчүүлтэй хүмүүс тэднийхээ цагаан сарын бэлтгэлд гар бие оролдог. Танай гэр бүлийн хувьд хэрхэн тусламж байна вэ?

-Ер нь бол хөрөнгө оруулалтад нь л тусалдаг. Би чинь их муу бэр, муу охин байгаа юм аа, зав муутай. Залуу байхад хоёр талын аав ээждээ очиж туслаад, буузыг нь нэг шөнийн дотор хийчихдэг байсан. Бууз хийхдээ уг нь их сайн хүмүүс байгаа юм /инээв.сур/.

Сүүлийн хэдэн жил хоёр талын аав ээждээ номуудаасаа өгдөг болсон. Аав, ээжүүд маань их дуртай. “Хамгийн хүндтэй хүмүүстэй өгнө өө” гээд л авдартаа хийдэг байсан.

Зохиолч хүний хувьд сар шинийн баярын талаар судалгаа хэр хийж байв?

-Судлалгүй яахав. Миний “Үүлэн хээтэй орчлон” романд Манжийн дарлалын төгсгөл үе буюу 1900-аад оны үе, XX зууны эхэн үеийн амьдрал, ёс заншлыг нэлээд харуулсан. Энэ зохиолыг бичиж байхдаа цагаан сарыг нэлээд судалсан шүү.

Мөн “Их дагинын өчил” зохиолыг бичихээс өмнө Хүрээ соёлын талаар судалсан. Эдгээр судалгааны явцад цагаан сарыг тэмдэглэх уламжлалт соёлд хүрээний нөлөөлөл нэлээд орсон байдаг.

Монголчууд бид сүүлийн хэдэн арван жил Хүрээ соёлоор цагаан сарыг тэмдэглэж байна.

Тухайлбал, ул боов гэдэг зүйл XVIII зууны үед байхгүй байсан. XIX зууны үеэс хүрээний баячууд Хятадын еэвэнг дууриах маягаар үндэснийхээ хэлбэртэй ул боовыг анх үүсгэсэн улбаатай юм билээ. 
Ул боовыг 3, 5, 7, 9 гээд л олон үеэр нь дээш өрөх нь настайчуудаас илүү ноёдыг зэрэг дэвээс шалтгаалдаг байсан гэдэг.

Ууц тавих ёс жаяг нь ч мөн адил. Хүрээний баячууд хэн том ууц тавьснаараа зэрэг дэвээ тодорхойлдог байсан гэдэг. Мөн 65-аас дээш насныхан л ууцыг тавьдаг байжээ.

Сонирхолтой мэдээлэл байна. Таны хувьд одоогоор ямар зохиол бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Бид “Юань гүрэн”-ий сэдвээр шинэ түүхэн кино төслийг эхлүүлсэн байгаа. Төслөө ирэх бичин жилдээ багтаж үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Одоогоор зураачид киноны дүр, эдлэл хэрэглэл зэрэг бүхий л хэрэгцээтэй зүйлийг цаасан дээр буулгах ажлаа хийж байна.

Нууц биш бол гол дүрийн жүжигчнээ сонгосон уу?

-Дүрийн шалгаруулалт ирэх гуравдугаар сард болно. Ер нь гол дүрийн нэг жүжигчнээ бараг л сонгосон. Бусдыг нь сонгон шалгаруулна. Энэ удаагийн гол дүр мэргэжлийн жүжигчин байх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Дэжид