Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт арабууд хууль бусаар шонхор барьснаа хадгалж байна гэх мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Энэ мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд арабууд 61 идлэг шонхор хадгалж байсан бөгөөд ихэнхийг нь хууль бус барьсан байжээ. Энэ хэргийг гардан гүйцэтгэгч нь “Алфажер” компанийн ерөнхий менежер Абдул Карим аж. Эл эрхмийг хуучин Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр авахаар дуудлага худалдаанд ялснаар нь уншигчид андахгүй. Дуудлага худалдаанд ялсныхаа дараа наймаа буцсанаа илэрхийлж, дэнчинд тавьсан 750 сая төгрөгөө орхиод явсан. Тэрбээр дуудлага худалдаагаар авах байсан газраа буцаасан нь хувийн шалтгаантай гэж тайлбарласан. Гэхдээ дуудлага худалдааны дараа түүнийг идлэг шонхор хууль бусаар агнасан, шонхорын наймаа хийж хөрөнгөжсөн, үүнд нь улс төрийн хүчин, улстөрчид тусалдаг гэх мэт мэдээлэл гарсан билээ.

Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаадад худалдаалахыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл Абдул Карим ямар “журам”-аар олон тооны шонхор агнах зөвшөөрөл авсан, хууль бусаар 30 гаруй шонхор барьсны хариуцлагыг хэрхэн хүлээсэн талаар нэхэн сурвалжиллаа.
Д.ОЮУНХОРОЛ САЙДЫН ҮЕД ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ
Монгол эхнэртэй Абдул Карим 58 настай. Монголд 30 гаруй жил амьдарсан тэрбээр 2012 оноос монгол иргэншилтэй болсон мэдээлэл хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдааны дараа ил болсон. Түүнээс өмнө эл эрхэм, түүний ажилладаг Катарын “Алфажер” гэдэг компанийн талаар мэдэх цөөн хүний хүрээлэл л байсан. Тус компани нь нэлээд олон жилийн өмнө Монголд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа шонхорын наймаагаар дагнасан гэхэд болно. Ингэхдээ хэд, хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж байсан удаатай. Тухайлбал, 2009 онд ЗХЖШ-ын нэр дээр бүртгэлтэй жийп машинуудаар олон тооны шонхор, ятуу авч явсан хэрэг гарсан. Гэтэл “Алфажер” компани Катараас найман жийп машин авчирснаа ЗХЖШ-д тусламжаар өгч буй гэж гаальд мэдүүлж, татвар төлөлгүй оруулж ирсэн нь ил болсон. Татваргүйгээр Монголд авчирсан жийпээрээ 15 идлэг шонхор, 12 ятуу барьж байгаад цагдаа нарт баригдаж байсан удаатай.
“Алфажер” компани идлэг шонхор барьж Катар руу гаргах үйл ажиллагааг голчлон эрхэлдэг байсан. Харин идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаадад худалдаалахыг хориглосноос хойш тус компанийн үйл ажиллагаа бага зэрэг хумигдсан байдаг. Бага зэрэг хумигдсан ч Монголоос гарах шонхрын бүх зөвшөөрлийг тус компани авч чаджээ. Тодруулбал, “Алфажер” компани 2015 оны наймдугаар сарын 18-наас мөн оныхоо арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл 35 идлэг шонхор барих зөвшөөрөл авчээ. Уг зөвшөөрлийг Д.Оюунхорол гишүүн БОНХАЖ-ын сайд байх үед олгожээ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтын хүрээнд Арабын хаан, хунтайж нарт шонхор бэлэглэх, барих зөвшөөрөл олгох тохиолдол байдаг. Гэтэл Д.Оюунхорол гишүүн сайдаар ажиллаж байхдаа энэ үндэслэлээр 35 шонхор барих зөвшөөрөл олгосныг “Алфажер” компанийн ерөнхий менежер Абдул Карим гүйцэтгэжээ. Уг гэрээний дагуу Өвөрхангай, Архангай, Увс, Хөвсгөл, Завхан, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Говьсүмбэр, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэрээс 35 идлэг шонхор барьсан аж.

-Д.ОЮУНХОРОЛ САЙДЫН ӨГСӨН ЗӨВШӨӨРЛӨӨС 31 ШОНХОР ИЛҮҮ БАРЬЖЭЭ-
БОНХАЖЯ-наас өгсөн зөвшөөрлийн тоог хэтрүүлэн хууль бусаар 31 идлэг шонхор барьсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ. Хууль бус үйлдлийг тогтоосны маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр 20 шонхорыг Катар руу гаргасан баримт бас байна.
Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлд “...Заасан хугацааг зөрчиж ан агнасан, барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно” гэж заасан байдаг.
Зөвшөөрөлгүйгээр 31 шонхор барьсан эл хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс өнгөрсөн оны аравдугаар сард шалгаж, захиргааны хариуцлага тооцуулах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх И.Ариунсанаа хэргийг хянаад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Харин “Алфажер” компанид 920 мянган төгрөгийн торгууль оноосон байна.
Манай улсад нэг шонхорын эдийн засгийн үнэлгээ инь 16 сая төгрөг байдаг. Абдул Каримын компани энэ үнийн 40 хувиар тооцож хураамж төлсөн баримт байна. Тэгэхээр нэг шонхорыг зургаан сая гаруй төгрөгөөр барих зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас авсан байна. Энэ мөнгөө Катарт хэдэн арав дахиж нугалдаг ашигтай бизнес гэдгийг эх сурвалж хэлсэн.

-ТОРГУУЛЬ ТӨЛӨХГҮЙ ГЭВ ҮҮ-
“Алфажер” компани БОНХАЖЯ-наас зөвхөн шонхор агнах зөвшөөрөл аваагүй. Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг сумаас 25 цагаан зээр агнах зөвшөөрөл авчээ. Мөн Төв аймгийн Баянцагаан сумаас 30 тагтаа, 20 ятуу барих зөвшөөрөл авчээ. Энэ зөвшөөрлийг олгохдоо Амьтны тухай хуулийн “...Шивэр хөтүү, дагуур ятуу, эрээн хавирга хахилга, говийн ногтруу, хар хул, эгэл сойрыг жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртэл агнах, барихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ. Учир нь тус компанийнхан тагтаа, ятуу барих зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 25-наас хоёр сарын хугацаанд авсан байх юм.
Монгол, Катарын Засгийн газар хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтын нэрээр Д.Оюунхорол сайдын үед шонхор агнах зөвшөөрөл авч, түүнийгээ хэтрүүлж хууль зөрчсөн “Алфажер” компани Монгол Улсын хуулийн дагуу торгууль төлсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Бүр хууль, мэргэжлийн байгууллагаас тогтоосон нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хуулийн байгууллагад хандахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
www.medee.mn
Н.БАЯР