Орчин цагт бид бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явах болон гэртээ хадгалахаас татгалзаж, голдуу банкин дахь дансандаа хадгалдаг болсон.
Тэгвэл таны дансан дахь мөнгө бүрэн бүтэн байна гэсэн ямар ч баталгаа алга болох нь 2жилийн өмнө нэгэн ноцтой жишээгээр батлагдсан билээ.
Тодруулбал үндэсний хэмжээний томоохонд тооцогддог ХААН банкны нэгэн харилцагчийн данснаас мөнгө дутжээ. Гайхсан харилцагч ХААН банк руу холбогдож, нэлээд ажил төрөл болон хөөцөлдсөний эцэст түүний дансан дахь мөнгийг өөр хүнд авч өгсөн болохыг мэджээ.
Бүр тодруулах юм бол ХААН банкны 6-р Бичил хороолол дахь салбарын теллер Баярцэцэг 2 жилийн өмнө хоёрдугаар сарын 20-ны өдөр харилцагчийн данснаас 350 мянган төгрөгийг С.Катя гэгчид гаргаж өгсөн байдаг.
Ийм бүдүүлэг алдаа хийж, харилцагчийнхаа итгэлийг хөсөрдүүлсэн ХААН банкныхан энэ “но” нь илэрсний дараа уг харилцагчаас уучлалт гуйгаад, данснаас мөнгө авсан С.Катя гэгчийг шалгуулна хэмээгээд л өнгөрсөн удаатай. Мэдээж данснаас нь авсан мөнгөө буцааж өгсөн.
Харин хамгийн ноцтой асуудал болох нэр нь өөр, регистрийн дугаар нь өөр, хүйс нь хүртэл өөр С.Катя гэгчид юуны учир өөр харилцагчийн данснаас мөнгө авч өгснөө тэд тухай үед тайлбарлаагүй билээ.
Бид энэ асуудлаар уг харилцагчтай холбогдоход “Ямар үндэслэлээр миний дансан дахь өөр хүнд гаргаж өгсөн нь тодорхойгүй байгаа. Үнэхээр их гайхаж байна. Банканд итгэх аргагүй юм байна гэдгийг л мэдэрлээ” хэмээсэн юм.
Ийнхүү Танд ойрхон түмэнд итгэлтэй гэх уриатай ХААН банкныхан харилцагчийнхаа дансан дахь мөнгийг дураараа зувчуулж, өөр хүнд авч өгдөг болох нь тодорхой боллоо.
Үндэсний хэмжээний, тэргүүлэгч гэж өөрсдийгөө тодорхойлдог тус ХААН банкны үйлчилгээ нэг иймэрхүү.
Хамгийн ноцтой зүйл гэвэл бидний өөрөөсөө харамлах шахам банканд хадгалдаг тоотой хэд бүрэн бүтэн байгаа гэдэгт итгэхэд хэцүү гэдгийг энэ баримт нотолж байгаа юм.
ХААН банканд итгэх биш болгоомжлох хэрэгтэй бус уу. Харилцагчид ХААН гэж наанаа хошуу дэвсдэг ч цаагуураа харилцагчдаа басамжилж байгаа тэдэнд итгэх арга үнэндээ алга.
Ард иргэд итгэж байгаа . Тиймээс иймэрхүү алдааг дахин гаргаж, иргэдээ хүлээлт үүсгэлгүй, бухимдуулахгүй хурдан шуурхай үйлчлээсэй. Иргэд ч бас өөрсдийнхөө хүч хөдөлмөрөө шавхан, хоол нойргүй хонож олсон хэдэн төгрөгөө найдвартай аюулгүй газар хадгалуулж байх нь зүйтэй шүү гэдгийг сануулах үүднээс дахин нийтлэн оруулж байна. Удахгүй та бүхэнд бид бас уг банк програм болон диеллер эдийн засагчийн алдаанаас гардаг зээл нөхөн төлөлт дээр иргэдийг хохироодог тухай баримттай мэдээллийг бэлтгэж ард олонд сэрэмжүүлэг хүргэх гэж байна.
www.shuurkhai.mn