01.20

Дасгаж байгаад дагуулж хөмөрлөө дөө ЮНИВИШН-ийнхэн

Юнивишний гурвалсан үйлчилгээний интернет "хязгаартай" болохоор болжээ. Тухайлбал та гурвалсан үйлчилгээ авч байгаа бол IP TV, суурин утас хэрэглэхийн хажуугаар үнээсээ хамаараад интернэтийн 100 GB, 200 GB, 300 GB, 500 GB гэх мэт дата эрхтэй болох нь.

Хэрэв дата эрхээ хэрэглээд дуусвал нэмэлт багц худалдаж авах боломжтой гэсэн үг. Жишээ нь XL багцын хувьд дата хэрэглээ 500GB хүрэхэд интернэтийн хурд 1 Mbps рүү шилжиж, дата хэрэглээ хязгааргүй болно гэнэ. Тэгэхээр интернэтийн хурд нь суларна гэсэн үг юм. Энэ нь хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэчлэлт ажээ.  

Энэ талаар тус компаний мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад " Хэрэглэгчидтэй байгуулсан гэрээний 8,2 дугаарт үнийг үйлчлэгч байгууллага өөрчлөх эрхтэй гэж тусгасан байдаг. Харин энэ талаараа үнийн өөрчлөлт хийхээс 10 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон хэрэглэгчиддээ мэдэгдэх ёстой. Иймээс өнөөдөр албан ёсоор мэдээллэж байна" гэсэн хариултыг өглөө.

Гэвч хэрэглээд хэдийнээ дассан хэрэглэгчид үүнд ихэд бухимдалтай хандаж байгаа төдийгүй дасгаж байгаад дагуулж хөмөрлөө дөө хэмээн цухалдаж суугаа аж. Скай медиаг сонгох өөр хувилбар байж болох л юм. 

Т.Дуулиан