01.21

Хоногт 100-150 орчим тээврийн хэрэгсэл бүртгүүлж байна

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Авто тээврийн үндэсний төвийн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг хуучин 22-ын товчооноос урагш 1.5 км зайд орших, шинээр байгуулагдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлсэн. Шинээр авто машин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд Авто худалдааны цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамрагдан, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авдаг болоод байгаа юм. 

2015 оны арванхоёрдугаар сард эрчимтэй ажилласны үр дүнд оны өмнө Авто худалдааны цогцолборт импортын бүртгэлийн хэсгийг шилжүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн хэлтсийн даргатайгаа нийлээд 11 хүн тэнд ажиллаж байна.

Авто худалдааны цогцолборт байгаа салбар дээрээс өдөрт шинээр 100-150 орчим тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгож байгаа. Өнөөдрийн байдлаар Авто тээврийн төвд улсын дугаар олгох импортын бүртгэлийн үйл ажиллагаа цогцолборт шилжин очсонтой холбоотойгоор ирсэн иргэдийн гомдол, санал алга байна. Ер нь нэг иргэн автомашин хэрэглээд, тухайн машинаа 3-7 жилийн дараа шинээр сольдог. Мэдээж бололцоотой хүмүүс нь үүнээс богино хугацаанд сольж байгаа. Тэгэхээр хүмүүст нэг удаа очоод шинээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээд, улсын дугаар авахад ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй. Мөн Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэлээс гадна бүх л үйлчилгээг төвлөрүүлсэн байгаад бидний зүгээс талархалтай байгаа. Банк, даатгал, татвар, улсын дугаарын үйлдвэр, зоогийн газрууд гээд үйлчилгээний стандартын дагуу байх ёстой бүх үйлчилгээг нэгт цэгт төвлөрүүлсэн нь бидэнд үйл ажиллагаагаа явуулахад нэлээд дэмжлэг болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

2016 оны хавар гэхэд авто тээврийн бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр нь байрлуулах төлөвлөгөө гаргасан. Үүний тулд манай үйлчилгээг явуулах чанарын шаардлага хангасан барилгыг Авто худалдааны цогцолборын зүгээс ашиглалтад оруулах ёстой.

www.TOP.mn