Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш билээ. Сар гарахгүй битүү харанхуй байдаг оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйл бүрэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг дэлбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Тиймээс монголчууд битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж битүүлэхийн өмнө зуухныхаа үнсийг авдаг. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг.
Мөн энэ орой хаалганыхаа баруун хатавчин дээр гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.
Заншил ёсоор битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлэгшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.
Энэ үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой аж.
Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлэж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь тэмээ уралдуулж тоглох нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндлэж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлэгшээдэгтэй холбоотой.
Монгол наадгай “Алаг мэлхий”
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэх хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ.

Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөврөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хошуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой.
Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.
Ийнхүү цагаан сарын үед ний 108 шагайгаар тоглодог байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран зоолгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяг нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог ажээ.
Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг байна.
www.eagle.mn
Г.Даша