01.21

Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан П.Энхмөнх тайлбар хийлээ

Алдарт уяач Г.Пунцагбалжир агсны хүү “Мон-Эрдэнэ” группын өв залгамжлагч П.Энхмөнх хоёр жил гаруйн өмнө загвар өмсөгч бүсгүйг хүчиндсэн хэмээн шуугиан дэгдэж, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаад замхруулсан гэх мэдээлэл байсан. Тухайн үед эл хүчингийн хэргийг хаалгахын тулд прокурорт нөлөөлөх оролдлого хийсэн гэх мэдээллийг хохирогч эмэгтэй олон нийтийн хэрэгслээр тарааж байсан удаатай. Гэвч өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан. Гэр бүлийнхний хамтаар гадаад руу гараад явчихсан юм билээ. Тиймээс хавтаст хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа гэж хэлсэн юм.

Саяхнаас Цагдаагийн ерөнхий газар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан уяач П.Энхмөнхийг эрэн сурвалжилж байгаа хэмээн зарласан юм. Учир нь тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан байжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр түүнийг гурав хоногийн өмнө баривчилж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор батлан даалтад гаргаж, гадуур байцаагдаж байгаа юм байна. Тэгвэл баригдсан П.Энхмөнх өөрөө энэ хэргийн талаар үнэн худлыг ялгахаар тайлбар хийжээ.

О.Сайхан