Хүүхдийн гэх тодотголтой юм бүхэн хомсдож байгаа энэ үед нэгэн сайхан мэдээ дуулгая. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг “Хүүхдийн номын өргөө”-тэй болжээ. Засаг даргын санаачлагаар байгуулж, үйл ажиллагааг нь эхлээд удаагүй байгаа энэ номын санд одоо хэрэгцээтэй зүйл бол мэдээж дурдаршгүй их номын хандив юм. UBS телевиз хамтран “Номын хандив”-ын аяныг зохион байгуулж байна. Оюунлаг эрхэм уран бүтээлчид эхнээсээ өөрийн оюуны бүтээл болон хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж эхэлжээ. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, СГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин, Сэлэнгэпресс хэвлэлийн компани хүүхдүүдэд зориулсан номын хандив өргөлөө.
Хүүхдийн номын ордонг монгол ахуй, үлгэрийн орон, шинжлэх ухаан, танин мэдэхүй зэрэг агуулгаар тохижуулж, орчин үеийн хэрэглээ болсон өндөр хурдны интернэтэд холбожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон тохижилттой танхимыг ч байгуулсан нь тэдний очих дуртай газрын нэг болжээ хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамтдаа ирж, цагийг өнгөрүүлж байгаа эцэг эхчүүд үнэлж, талархаж байна. Цахим орчинд хэт өртөж, номын хэрэглээнээс холдсон хүүхэд багачуудыг номын амтанд оруулж, оюунлаг монголын ирээдүйг төлөвшүүлэх энэ гэгээн үйлст уншигч таныг урьж байна.
Эх сурвалж: www.ubs.mn