Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр салбар хуралдаануудаар Төрийн ордонд үргэлжилнэ. Чуулганд гадаад, дотоодын 1500 орчим төлөөлөгч оролцож байгааг зохион байгуулагчид дуулгасан. Энэ удаагийн голлох сэдэв нь “Итгэлцэл”. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Бидний сайн мэдэх Оюутолгой төсөл дээр итгэлцэл гэх зүйлийн ямар ч “үнэр” байхгүй байсныг дараах жишээ харуулна. Монголын Засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч очоод компанийн дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас “Рио Тинто” компанийн Монголын Засгийн газрыг буруутгасан мэдээлэл ар араасаа цуварсан нь Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан” хэмээв.
Түүнчлэн ЗГХЭГ- ын дарга С.Баярцогт тэргүүтэй албаны хүмүүс эдийн засгийн нөлөөлөлд төрийн залгамж чанар, засаглалын хэлбэр нөлөөлж буйг дуулгаж байв. Үүнээс үүдэж, тахимд суусан төлөөлөгчид “Төр алдаагаа ухаарч байгаа нь сайн хэрэг” гэсэн дүгнэлтийг өгч, сэтгэл хангалуун дүр төрхтэй чуулганы уур амьсгал эхэлсэн юм. Бодит байдал дээр манай улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна төрдөө найдах иргэдийн итгэл алдарсан тухай судалгаа ч гарсан. Түүнчлэн саяхан “Сантмарал” төвөөс явуулсан судалгаагаар “УИХ-ын сонгууль өнөөдөр болбол та аль намыг дэмжих вэ” гэсэн асуултад иргэдийн 47.4 хувь нь “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгчээ. Зөвхөн энэ үзүүлэлтээр иргэдийн төрд итгэх итгэлийг хэмжиж болохоор байгаа юм. Тийм л учраас ийм цаг үед энэ сэдвийг хөндөх шаардлага үүссэн ч байж мэдэх юм. Сангийн сайд асан Баабар буюу Б.Батбаярын тус чуулганд хэлсэн үгээр бол Төгрөгийн ханш жилийн дотор гуравны нэгээр унасан учир иргэдийн төгрөгт найдах итгэл үгүй болж зах зээлд ам.долларын хэрэгцээ урьд жилтэйгээ харьцуулахад 135 хувиар өсчээ. Мөн Уул уурхайн хөгжлийн амин судас болсон хайгуулыг хориглосон учир гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон болохыг тэрбээр хэлсэн.
Тэгэхээр яг одоогийн Монгол улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагч цөөхөн, төрдөө итгэх иргэдийн тоо бага, улсынхаа мөнгөн тэмдэгтэд найдах бизнесмэн үгүй, дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай таваарын үнэ сэргэнэ гэдэгт ч итгэх аргагүй болжээ. Үүнээс улбаалж энэ оны улсын төсөвт мэдээж эргэлзээ үүснэ. Харин энэ байдлыг улстөрчид, тодруулбал өнөө цагийн удирдагчид бүрдүүлсэн гэдэгт хуралдаанд оролцогчид 100 хувь санал нийлж байна. Мэдээж үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлд дэлхийн зах зээл шууд хамааралтай. Гэвч бид өнгөрсөн богинохон хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг шахаж, “хөөж” явуулсан тухай ч тэд ам дамжин ярилцаж байна. Баабарын тооцоогоор нэгэнт хөөгөөд, хавчаад гаргасан гадаадын хөрөнгө оруулагчид эргэж ирэх боломж мөдгүй гэнэ. Учир нь эдийн засаг эргэж сэргэх хугацаа тун өөдрөгөөр бодоход ойрын таван жилдээ үгүй аж. Тиймээс бид үлдсэн цаг хугацааг итгэлцэлд шүтэж өнгөрүүлэхээс өөр замгүй болохыг олон хүн ойлгожээ.
Гэвч дэлхий даяар монголыг сонирхдог байдал одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Гадны томоохон хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулахыг хичээсэн байдал ч хэвээрээ. Тухайлбал гаднын хэвлэлүүдэд манай улсын талаар сард дунджаар 1000 гаруй мэдээлэл бэлтгэн “цацдаг” байна. Үүний ихэнхийг гадаадын сэтгүүлчид өөрсдөө “олдог”. Энэ оны эхний улирлын байдлаар гадаадад хүрч буй мэдээллийн 20 гаруй хувийг улстөрийн, 12 хувийг хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл эзэлж буй аж. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчин тогтворгүй, хөрөнгө оруулах салбарын сайд хэр удаан “тэсэх” нь мэдэгдэхгүй, дараагийн удирдлагууд нь ямар бодлого барьж ажиллах нь ойлгомжгүй, “Эх орончдын” хяналт хэрээс хэтэрсэн гэх мэт олон саар жишээг бид сүүлийн жилүүдэд ярьж буй. Чухамдаа энэ үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдыг хөөж явуулахад жинтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй ч дийлэнх эдийн засагч санал нэгддэг. Үүнээс гадна Ерөнхий сайд “Гадны хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэхээр “Оюу толгой” шийдэгдээгүй байхад сонин биш байна” хэмээсэн. Түүний хэлсэн энэ ганц өгүүлбэрийн цаана асар олон ил “нууц” бий... Түүнчлэн Монгол Улсын сайд М.Энхсайхан “Оюутолгойгоос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм “ард түмний халаасанд” орсон. Гэвч ард түмэн алга болсон мөнгийг бусдын халааснаас хайдаг. Энэ бол алдаатай бодлогын төлбөр” гэв. Түүнчлэн тэрбээр “Манай эдийн засгийн нөхцөл байдал гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж бидний бодож байгаагаас илүү хурдтай муудаж магадгүй” хэмээн санууллаа. Харин өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илтгэлээр хөшгөө нээх бол хуралдааны хаалтыг УИХ-ын дарга З.Энхболд хийх юм. Сонирхуулахад эдийн засгийн чуулганыг 2010 онд “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онд онд “Хөгжилд хамтдаа”, 2013 онд “Монгол брэнд”, 2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриан дор зохион байгуулж байсан юм.
ХЭН ЮУ ХЭЛЭВ
С.Баярцогт /ЗГХЭГ-ын дарга/
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд арван дөрвөн Засгийн газар солигдсон байна. Үүнээс ердөө гурав нь л бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилээ гүйцээжээ. Ингээд үзэхээр манай улсын Засгийн газрын дундаж наслалт 1.4 жил болж байгаа юм. Ийнхүү Засгийн газар солигдох бүрийд яамдын бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эргээд төрийн тогтвортой бодлогод нөлөөлж байгаа. Мөн шинээр байгуулагдсан Засгийн газар тодрохын тулд өмнөх засгийнхаа ажлыг байнга үгүйсгэдэг. Энэ мэтээр нөхцөл байдлыг тойрч яриад эхлэхээр гол цөм нь Үндсэн хууль дээр очиж таарч байгаа. Гол харилцааг зохицуулж байгаа зүйл нь Үндсэн хууль.
Баабар /Сангийн сайд асан/
2017 он урьд тавьсан өрүүдийн төлбөрийн эргэж төлөх хугацаа дээд цэгтээ хүрэх оргил үе. 2015 онтой харьцуулахад 2017 онд өр төлөх хэмжээ даруй зургаа дахин их байх юм. Мөнгө нь шавхагдсан уруудаж яваа эдийн засаг энэ ачааллыг даахгүй. Үүн дээр төлбөрийн чадвар сайтай байх үед тавьсан хувийн хэвшлийнхний өр олон тэрбум ам.долларт хүрсэн. Үүний хариуцлагыг ч ард нийтээр хүлээх болно. Нэгтгэн дүгнэхэд Монголын эдийн засаг хямралд орлоо гэхээсээ хэдэн жил сансарт нисч найрлаж байгаад эргээд хуучин байрандаа ирж буй эвдэрхий тэвштэй алтан загасны эмгэн шиг л юм даа. Гэвч яаж ч уруудаад түүхэндээ өлсөж үзээгүй монголын ард түмэн малынхаа буянаар турж үхэхгүй. Гэмтэй тал нь машины толь, кабель, хэрэглээний зэс, траншейний ширмэн таг хавтгайдаа хулгай хийдэг үе рүүгээ орох байх даа.
Н.Золжаргал: /Монголбанкны ерөнхийлөгч/
Инфляци анх удаа зорьсондоо дөхөж байна. Өнгөрсөн жил найман хувь гэж зориод 11 хувиар дуусч байсан бол энэ жил долоон хувь гэж зориод одоогоор есөн хувьтай байна. Цаашдаа Монголбанкны зорьж байгаа долоон хувь руу нэлээн дөхөж найм руу орох байх. Засгийн газрын зээллэгийн хэмжээ 600 сая ам.доллар болж байна. Банкууд өөрсдийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасаа барьцаалаад баталгаа гаргаж авах боломжтой болсон. Нийт 1,4 тэрбум ам.доллар хүртэлх баталгаа авах боломжтой. Үүнээс 500-700 сая нь энэ ондоо хэрэгжих болов уу. 2014 онд болсон том өөрчлөлтийг иргэд, эдийн засагчид анзаарсан байх. Монголбанкинд алтны тушаалт 2013 оны төгсгөлд 4 тонн байсан бол 2014 онд 13 тонн болж өссөн. 2015 оны төсөөлөл бол 18- 20 тонн буюу 700-800 саяар валютын урсгалыг нэмэгдүүлнэ. Дээрээс нь уул уурхай дээр гарсан том өөрчлөлт болох лицензүүдийг дахин сэргээж өгч байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх болов уу гэж бодож байна.
Ч.Ганхуяг : /Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/
Зүгээр л цээжнийхээ пангаар гөрддөг нөхөд байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрлөө. Тэд бас биднийг хойш нь татсан гэдгийг ч дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна. Ерөнхий сайд хүртэл цэнхэр дэлгэцээр ард түмэн, шийдвэр гаргагчиддаа хандаад илэн далангүй ярилаа. Ердөө энэ л өнөөдөр болж байгаа Монголын эдийн засгийн чуулганы гол зорилго шүү дээ. Үүнээс гадна бидний ирээдүйгээр хойч үеэр, бидний үр хүүхдүүдийн хувь заяагаар хэрхэн тоглож болдгийг хангалттай харлаа. Үүнийг дахин давтахгүй байх нь л чухал.
С.Жавхланбаатар: /Хөрөнгө оруулалтын газрын дарга/
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал дээр хүмүүс буруу ойлголттой явж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт орох ч ёстой, гарах ч ёстой. Монгол улсад өнөөдрийн байдлаар гарч буй тоог хянах тогтолцоо муу байна. 2010 он хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 20-30 хувь хүртэл өсөлттэй байсан. 2011 онд таван тэрбум ам.долларт хүрч огцом өссөн. Энэ нь хэвийн бус үзэгдэл юм. Огцом өсөлт буурсан тохиолдолд яах вэ гэдгийг харж үзээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаар, гадаадын хөрөнгө оруулалттай компани 2013 онд 390 байсан тоо бий.
Д.БУЛГАН