-ТҮҮНД ТАВАН ЖИЛ ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖ БАЙЖЭЭ-
"Мон-Эрдэнэ" группийн захирал, уяач Пунцагбалжир агсны өв залгамжлагч Энхмөнх 2013 оны үед хүчингийн хэрэгт холбогдож багагүй дуулиан дэгдсэн. Эх сурвалжид мэдээлснээр, тухайн үед түүнд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл, 126.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурор хэрэгсэхгүй болгожээ. Улсын ерөнхий прокурорын зүгээс шалгалт явуулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн дахин сэргээсэн байна.
П.Энхмөнх манай сайтад ярилцлага өгөхдөө сайн дураараа цагдаад очсон, би ямар ч хэрэг хийгээгүй. Энэ хэргийн цаана нэр бүхий УИХ-ын гишүүн бий хэмээн ярьсан билээ. Түүний нууцлаад, нэрийг нь хэлэхээс татгалзаад байгаа УИХ-ын гишүүн хэн бэ гэдэг асуудал олны анхаарлыг эрхгүй татаж буй юм.
Өмнө нь тэрээр УИХ гишүүн Н.Номтойбаярын эхнэр Б.Мандухай гэх бүсгүйг голж явсан тухайгаа зарлаж, эрхэм гишүүнтэй ширүүхэн тулж явсан гэдэг. Улмаар УИХ-ын гишүүн хүн намайг ална гэлээ хэмээн ерөнхийлөгчид алтан хошуулж байсан гэх мэдээлэл ч байдаг. Тиймээс “нууц” гишүүн нь Н.Номтойбаяр гэх олны үг ортой байж мэдэх нь.
Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах санд П.Энхмөнхийг "Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Энхмөнх нь иргэн Д-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэж хурьцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна" гэж мэдээлжээ. (www.police.gov.mn/news/wantedMore/id/427/type/27)
2014 оны хоёрдугаар сард түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл, 126.2-т зааснаар П.Энхмөнхөд 5 жил хорих ял төлөвлөн, түүнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Гэвч хяналтын прокурор н.Мөнхцэцэг гэгч тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүх эмнэлгийн олон удаагийн дүгнэлт гарч, хохирогчийн бие дээрх хөхрөлт шарх гэх мэт дүгнэлт, олон нотлох баримт, камерын бичлэг, хурууны хээ нь П.Энхмөнхийг тус хэргийг үйлдсэнийг хөдлөшгүйгээр тогтоосон гэдэг.
Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь П.Энхмөнхийн хэргийг хаах төгс үндэслэл байгаагүй бололтой. 2014 оны 12 сард Улсын прокурорын газраас тус хэргийг хохирогчийн гомдлын дагуу хянан хэлэлцээд, шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлттэйгээр сэргээсэн аж. Хачирхалтай нь хэрэг сэргэхийн өмнөх өдөр П.Энхмөнх Монгол улсын хилээр гарч зугтсан. Тодруулбал, тэрээр Солонгос, Япон, Сингапур, Хятад, АНУ зэрэг улсуудаар саяхныг хүртэл яваад иржээ.
Өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн П.Энхмөнхийг Монгол улсын хилээр нэвтрэх үед “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр саатуулан баривчилж, цагдан хорьж байгаад, ар гэрийн гачигдал гэсэн шалтгаанаар батлан даалтад гаргажээ.
П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэгддэг н.Дэлгэрмаа хэмээх эмэгтэй оны өмнөхөн БНСУ-ыг зорьж, тэндээ докторт сурч байгаа бөгөөд тус улсаас иргэншил хүссэн гэсэн мэдээлэл байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
www.medee.mn