01.26

К.Номижин: Би худал ярихгүй сахилтай хүн

“Монгол дуу дэлхийд” анхдугаар уралдааны шүүгч К.Номинжинтэй ярилцлаа.

-Юуны өмнө нийт уншигчдынхаа зүгээс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа “Монгол дуу дэлхийд” төслийн ач холбогдлын талаарх яриагаар эхлүүлье.

-Тэгэлгүй яахав. “Монгол дуу дэлхийд” анхдугаар уралдаан маань маш том зорилго тавьсан тэмцээн байгаа. Олон улсад, дэлхий дахинд Монголын онцлог, ая аялгууг таниулж, мэдрүүлэх гол зорилготой байгаа. Уралдаанд оролцогчид маань дэлхийн хэл гэгддэг англи хэл дээр дуугаа дуулах болно. Ингэхдээ үг аялгууны утга учрыг алдагдуулахгүй дуулах юм.

Дэлхий дахинд 6 хүн тутмын нэг нь англи хэлээр ярьдаг. Миний хувьд шүүгчээс гадна зөвлөхөөр ажиллаж байгаа. Мөн дуучдынхаа дуулах монгол дууг англи хэл дээр хөрвүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

-Монгол дууны онцлог юу?

-Миний бодлоор монгол дуунууд бусад орны дуунуудаас аялгуугаар маш баялаг санагддаг.Аялгуу баялаг, сонсголонтой ийм сайхан дуунуудыг англи хэл дээр чадварлаг дуулж чадвал, уран бүтээлчид маань дэлхийн түвшинд гарч ирэх боломжтой болно. Бид уралдааныхаа явцад youtube дээр бүх бичлэгүүдийг тавина.

-Өөрийн чинь хувьд ихэнхдээ эх орондоо байдаггүй гэж сонсож байсан. Хэзээ эх орондоо ирэв?

-Миний хувьд эх орондоо ирэн очин байдаг. 17 настайгаасаа хойш АНУ-ын Лос Анжелес хотноо сурч, ажилласан.

-Номинжин гэдэг нэр чамин сонсдог. Нэрнийхээ түүхийг сонирхуулаач?

-Уг нь анх надад Номин гэдэг нэрийг өгсөн юм л даа. Харин би жаахан байхдаа өөрийгөө Номинжин гэж бусдад танилцуулдаг байсныг манай гэрийнхэн ярьдаг юм. Тэгэхээр энэ нэрээ би өөрөө өөртөө оноож өгсөн болж таарч байна.

-Тэгвэл багаасаа л адтай охин байсан байх нь.

-Энэ асуултад тэр үед намайг хүрээлж байсан хүүхдүүд, хүмүүс сайн хариулах байх л даа. Мэдээж тэдний хариулт нь хоорондоо тун ялгаатай байх байлгүй. Магадгүй зарим нь "хөдөлгөөнтэй охин байсан" гэхэд, зарим нь "Үгүй, даруухан байсан" гэх ч юмуу. Ер нь ямар ч хүн их олон янзын байдлаар хүмүүсийн нүдэнд өртдөг. Тэгээд тухайн ганц үйлдлээс нь үүдээд тэр хүн ямар вэ гэдэг тодорхойлолтод бусад хүмүүс хүрчих тохиолдол байдаг.

Зарим хүмүүс намайг биеэ даасан гэсэн дүгнэлтэд хүрсэн байхад, харин зарим хүмүүст би юм хийж мэдэхгүй хүүхэд шиг харагддаг байж болно. Хүн өөрөө ч өөрийнхөө ямрыг яг бодитойгоор нь олж харж чаддаггүй юм шиг санагддаг. Бүх зүйл харьцангуй юмаа. Тэгэхээр би эцсийн эцэст хэн юм бэ гэдэг асуултын тэмдэг чигээрээ үлдэнэ. Харин амьдралын философи маань бусдыг хайрлаж, хүндлэх дээр тогтож байгаа. Өрнө, дорнын "Бусад хүнийг өөртөө яг яаж хандуулмаар байна, түүн шигээ бусдад ханд" гэсэн цэцэн зөвлөгөөг дагахад хэцүү ч гэсэн маш зөв юм байна аа гэдгийг ойлгосон.

-Анх хэдэн настайгаасаа бясалгал хийж эхэлсэн бэ. Бясалгал хийснээрээ чи юуг мэдэрдэг вэ?

-Би Энэтхэгт байхдаа бодийн сахил Дээрхийн гэгээн Далай лам багшаас хүртэж, 7-8 настайгаасаа эхлэн өдөр бүр наад зах нь 30 минут эрх тоолж, маани уншиж, нинжин сэтгэлийг өөртөө үүсгэн бясалгадаг байсан маань нэг төрлийн бясалгал болдог байсан. Аалз, хорхой ч алахыг хатуу цээрлэдэг байсан. Тэгээд Монголд ирсэн жилээ амьдрах ухааны бясалгалын хүүхдийн хичээлд хамрагдсан юм.

Төгс гэгээрсэн Их багш Чин Хай бол миний оюун санааны багш. Аръяабалын номын цогцын сэтгэлийн абшгийг хүртсэнээр ертөнцийн нууцад нэвтэрдэг юм. Ер нь бясалгал болгон янз бүр, харин энэ бясалгалыг хийснээр өөрийнхөө жинхэнэ мөн чанар болох гэгээлэг ариун чанартайгаа холбогдож, үргэлж амар амгалан аз жаргалтай байдаг.

Уур, атаа шунал зэргээс салчихаар ажил үйлс өөрөө аяндаа бүтээд Багшийн аврал, Бурхдынадислалаар санасан бүхэн сэтгэлчлэн бүтдэг. Наад зах нь ийм юм мэдрэгддэг. Цаашлаад гэгээрсэн багштай, багшийнхаа сургаалийг дагадаг хүн хэзээ ч алзахгүй гэдэг нь амьдралын алхам тутамд мэдрэгддэг юм. Бясалгалын орчны тухайд бол мэдээж хэрэг цэвэр агаартай, дуу чимээгүй байвал сайн гэдэг. Гэхдээ манай номын цогцыг хаана ч бясалгаж болдог. Би худал ярихгүй сахилтай хүн. Чин Хай багш маань дурсахын төдийд л намайг аврах тийм их хүчтэй учраас ямар ч орчинд бясалгаж л байвал өөрт сайн байдаг юм.

-Өдөрт хичээн цаг бясалгал хийдэг вэ. Хүмүүс чамайг уран бүтээлийнхээ хажуугаар яаж амжуулдаг бол гэж сонирхож байгаа байх?

-Бясалгал хийснээрээ бүр илүү ихийг хийх эрч хүч олж авдаг. Зарим бясалгагч нар ердөө 2-3 цаг унтаад, бүхэл шөнөжин бясалгачхаад өдөржингөө ажлаа амжуулах нь бий. Харин Аръяабалын абшигтнууд өдөрт доод тал нь хоёр цаг хагас бясалгал хийх ёстой байдаг. Боломжтой үедээ бол 5-6, бүр 9 цаг ч бясалгаж болдог. Миний хувьд бичлэгт орохын өмнө заавал бясалгадаг зуршил тогтсон.

-Хамгийн сүүлд хийсэн уран бүтээлийн сониноосоо сонирхуулаач?

-“Монгол дуу дэлхийд” төслийн хажуугаар өчигдөрхөн УГЗ, хөгжмийн зохиолч Т.Насанбуян гуайн ээждээ зориулж хийсэн “Хөвсгөл далайн чулуу миний гэрт бий” дууг бичүүллээ. Т.Насанбуянгуайтай би 14-хөн наснаасаа хамтран ажиллаж эхэлсэн. Түүний ээждээ зориулж бичсэн энэхүү дууг чадах ядахаараа амилуулж, монгол түмэндээ удахгүй хүргэхээр төлөвлөж байна.

-Хэдхэн хоногийн дараа монгол түмний сар шинийн баяр болох гэж байна. Сар шинээр эх орондоо байх уу?

-Өнгөрсөн жилүүдэд цагаан сараар тэр бүр эх орондоо байх боломж гаргадаггүй байсан. Харин энэ жил эх орондоо байж аав ээж, ах дүү нартайгаа золгоно. “Монгол дуу дэлхийд” тэмцээний 4-р шат сар шинийн дараа болно.

-Сар шинийн бэлтгэлээ хангаж байна уу. Үндэсний дээл хувцас өмсөж золгох уу?

-Тэгэлгүй яахав. Надад үндэсний хэд хэдэн дээл хувцас бий. Сар шинэдээ зориулж дээл хувцас хийлгэх бодолгүй байна. Өөртөө байгаа дээлүүдээсээ таалагдсаныг нь өмсөнө дөө /инээв.сур/.

Манай ээж аав залуу хүмүүс учраас цагаан сар хийдэггүй. Тиймээс ахмад настнууд дээрээ очиж золгодог. Бид нар ургамал, цагаан хоолтой хүмүүс учраас хамаатан садангын ах дүү, найз нөхөд маань тусад нь хоол бэлтгэсэн байдаг.

-Шинийн нэгний өглөө нар битүү байхад мөр зүгээ гаргадаг уламжлалтай. Мөн ихэнх хүмүүс шинийн 15-нд багтаад тухайн жилийн заслаа хийлгэдэг шүү дээ. Танай гэр бүлийн хувьд яадаг вэ?

-Мөр зүгээ гаргадаг. Харин гандан орж, ном уншуулаад байдаггүй. Миний хувьд багаасаа бясалгалаар бясалгасан учраас бүх шашныг судалж, хүндэтгэдэг. Тийм ч учраас ном уншуулахаас илүү дотоод ертөнцтэйгөө илүү ажиллаж, бясалгал хийхийг илүү их хичээдэг.

-Ингэхэд ээжийнхээ гал тогооны болон гэрийн ажилд хэр туслалцаа үзүүлдэг вэ?

-Би гал тогооны ажлыг ээжийн юмуу, эсвэл ганц эмэгтэй хүний ажил биш, гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг гэж үздэг. Аав ээжээс илүүтэй олон янзын хоол хийж гал тогоогоо байнга цэвэрлэдэг. Манай гэрт хэн завтай нь гэрийн ажлаа хийдэг журамтай. Харин харамсалтай нь би өөрөө гэрээсээ хамгийн завгүй нь болохоор аав, ээждээ хангалттай тусалж чаддаггүй.

-Цагаан сараар ах дүү, амраг садангууд ганц бие яваа бүсгүйчүүд, залуучуудаасаа хэзээ хүнтэй суух вэ гэж асуудаг. Таны хувьд хэзээнээс гэр бүлтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Ер нь бол цаг үе өөр болчихсон шүү дээ. Дэлхий дахинд 20 гаруйхан насандаа гэрлэдэг хүмүүс ховор. Надаас энэ талаар хүн асууж байгаагүй юм байна /инээв.сур/. Ойрын хугацаанд гэр бүлтэй болохоор төлөвлөсөн юм алга.

-Найз залуутай юу?

-Найз залуутай. Найз залуу маань монгол хүн. Бид хоёр багаасаа л бие биенээ мэддэг байсан. Хэн хэндээ итгэдэг, хэн хэнийгээ хүндэлдэг.

-Таны ээжийг их сайн дуулдаг гэж сонссон. Харин аав тань дуу хөгжимд хэр вэ?

-Манай аав хөгжмийн талын хүн биш. Хэрвээ аав дуу дуулбал хүмүүсийн чих өвдөж гарч зугтаана. Харин ээж бол 17 насандаа л эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд түрүүлж, Болгарын консерваторид уригдаж байсан дуучин гэдгийг тухайн үед дуугаа дуулуулж байсан хөгжмийн зохиолч Пүрэвдорж ах, мөн ээжийн үеэл, ая зохиогч Оргил, Гантөр гээд манай мэргэжлийн хөгжимчид, бас дуучин Ариунаа, Оюунбилэг эгч нар ч андахгүй.

-Ингэхэд ээжтэйгээ яг л найзууд шиг харьцдаг гэж сонссон. Айлын ганц охин байх олон талтай байдаг биз?

-Миний хамгийн сайн найз, үнэнч зөвлөх, номын эгч бол ээж минь юм. Бид хоёр нэг номын цогцоор бясалгадаг болсноос хойш зовлон, жаргалаа бүр ч илүү ойлгодог болсон. Нэг гэр бүлд хүмүүс үйлийн үр, өр төлөөсөөр учирдаг. Харин нэг номын цогцоор бясалгаж номын эгч нар болсноор бидний бие биеэ үл өмчлөх зарчим улам гүнзгийрсэн. Аав, ээж, бид гурав гар утсаа дундаа хэрэглэдэг, и-мэйлүүд цөм нэг нууц үгтэй. Бие биенээсээ нууж хаах юм нэг ч байдаггүй. Яг нэг хүн шиг. Хүсэл сонирхол зорилго нэг, үзэл бодол нэг.

-Ярилцсанд баярлалаа.

www.gereg.mn

Б.Дэжид