01.28

”УБ-т АГААРЫН БОХИРДЛООС үүдэлтэйгээр жилд 1,400 орчим хүн НАС БАРЖ байна”

Улаанбаатар хотын утаа урагт болон нийслэлчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн болон эрдэмтдийн судалгааны дүнг танилцуулж мэдээлэл хийлээ.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэн "Манай сургууль агаарын  бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар сүүлийн таван  жилд нэлээн хэдэн томоохон судалгааг олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн. 

Агаарын бохирдол сүүлийн 10 жилд идэвхтэй нэмэгдэж байгаа боловч яг энэ бохирдлоос болоод хэний эрүүл мэнд ямар нөлөөлөлд өртөж байна вэ гэх судалгаа хийгдээгүй байсан. 

 Эхний судалгаа нь 2009 онд Канадын багтай хамтран хийсэн судлагаа бөгөөд насанд хүрсэн нийт хүн амын дундах нийт нас баралтын 8.2 хувь нь агаарын бохирдлоос болж байна гэсэн үр дүн гарсан.

Түүний дараа бид Байгаль орчны яамтай хамтраад Калифорнийн Их сургуулийн судлаачдын дэмжлэгтэйгээр судалгаа хийж үзсэн. Энэ судалгааны үр дүнгээр насанд хүрсэн нийт хүн амын дундах нийт нас баралтын 20.2 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гарч, өссөн.

Энэ судалгааны явцад гарсан бас нэг анхаарал татахуйц үр дүн бол хатгалгаа өвчнөөр жилдээ 130 гаруй хүүхэд нас барж байгаа нь мөн л агаарын бохирдлоос үүдэлтэй байж магадгүй гэсэн үр дүн юм. Насанд хүрэгчдийн хувьд зүрх судас, уушгины эмгэгээр жилд 1,400 орчим хүн нас барж байна гэсэн мэдээлэл байгаа.

Насанд хүрсэн нийт хүн амын дундах нийт нас баралтын 20.2 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй. 

Эндээс харахад сүүлийн таван жилд Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн нас баралтад агаарын бохирдлын нөлөөлөл хоёр дахин нэмэгдсэн байна. 

Энэ судалгааны явцад бид агаарын  бохирдолтын нийт өртөлтийг тооцож үзсэн. Гадаа агаарын бохирдлоос гадна дотоод орчны бохирдлыг судалсан. Дотор орчны агаарын бохирдол нарийн ширхэгтэй тоосонцор хүний эрүүл мэндэд 70-80 хувийн нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Энэ дотроосоо 60-70 хувь нь дам тамхидалтын нөлөөнд автаж байна гэсэн үр дүн гарсан байгаа. 

Мөн өвлийн улиралд гэр доторх агаар хэт халуун буюу 20 градусаас дулаан, чийгшил багатай байгаа нь ажиглагдсан. Агаарын огцом өөрчлөлт, чанаргүй агаараас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд гэр доторх агаарын чанарыг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн шийдэл гарсан байгаа.

Дараагийн судалгаа бол 2010 онд хийгдсэн "Угаар" нэртэй судалгаа байсан. Энэ судалгааны хүрээнд нэг жилийн хугацаанд жирэмсэн эхчүүдийг дагаж судлан, ургийн өсөлт, жин уртад агаарын бохирдол хэр зэрэг нөлөө үзүүлж байгааг судалсан юм. Судалгааны үеэр "Хепафилтер" гээд агаарын нарийн ширхэгтэй тоосонцрыг бууруулдаг филтерийн гэрт нь тавьж туршсан байгаа. Ингээд үр дүнд ньгэр доторх агаарын чанарыг сайжруулах нь ургийн өсөлт, жинд боломжийн хэмжээгээр нөлөөлсөн.Бидний судалгаанд ашигласан филтер орон сууцан дахь агаарын чанарыг 50-70 хувь сайжруулж байна гэсэн судалгаа гарсан.

Цаашид уг судалгаанд хамрагдсан 400 гаруй хүүхдийг 2020 он хүртэл дагаж судлах судалгааг Канад улстай хамтран эхлүүлэхээр болоод байна.

Мөн гадна агаарын бохирдлыг ойрын хугацаанд бууруулах боломжгүй байгаа энэ нөхцөлд иргэдээ, агаарын бохирдлын өртөмтгий бүлэг болох хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр хариулт хайж дараагийн судалгааг эхлүүлээд байна. 

Дэлхийн банктай хамтраад  гэр хороололд байрладаг цэцэрлэгүүдэд өөр нэг төрлийн "Хепафилтер" байрлуулж агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар болоод байна.

Энд нэг зүйлийг анхааруулж хэлье бидний судалгаа зөвхөн Улаанбаатар хотын иргэдийг хамарсан.2014 оны статистикаар нийт хүн амын 50 орчим хувь амьдардаг Улаанбаатар хотод жилдээ 6,500-7,500 орчим хүн нас бардаг. Эдгээр хүмүүсийн хэд нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нас барсан бэ гэдгийг олон үзүүлэлтээр тооцож үзэхэд УБ-т нас барж байгаа хүүхдүүдийн 130 орчмын нас баралтын шалтгаан нь агаарын бохирдлоос улбаалсан байна. Насанд хүрэгчдийн хувьд 7,000 хүн нас барахад 1,400 орчим нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр нас барсан байгаа. Зүрхний шигдээс, уушгины хавдрын гэх мэт өвчинд агаарын бохирдлын нөлөөлөл их байна гэсэн үр дүн гарсан.

Бид өнгөрсөн таван жилд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Харин одоо нөлөө үзүүлээд байгаа гол элементүүдээ хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж судалгааны ажлуудаа хийх гэж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: IKON.mn