01.29

Ууц чанах нэрийдлээр хулгайлах хэрэг мэр сэр гарч байна

Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ цаг үед айл өрхүүд бэлтгэсэн банш бууз, чанахаар худалдан авсан ууц, өвчүүгээ хулгайд алдах тохиолдол их гардаг. Айлуудын хувьд дийлэнх нь амбаар болон тагтан дээрээс хулгайд алддаг байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг сонор сэрэмжтэй, эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байж бууз банш, ууц өвчүүгээ хулгайд алдахаас сэрэмжлүүлж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлээр гэр хорооллын дунд ууц чанах нэрийдлээр хүмүүсийн цагаан сарын ууц, өвчүүг авч оддог овжин хулгайч нар өмнөх жилүүдэд байсан. Энэ жил ч мэр сэр ийм хэрэг гарсан тухай мэдээллээ. Битүүний өдөр энд, тэндгүй гэр барьж суусан хүмүүс нэг нь гал түлж нөгөө нь мөнгө хурааж, хүмүүст хуурамч баримт өгнө. Ингээд л "Орой ирж ууцаа ав" гээд нэг цаг хэлээд явуулчихна. Орой ууцаа авахаар ирэхэд нь аль хэдийн гэрээ буулгаад нүүгээд явчихдаг аж. Ийм байдлаар улсын хэмжээнд өнгөрсөн 2013 онд 140, 2014 онд 98, 2015 онд 27 ууц ор сураггүй арга болжээ. Энэ хэргийг дийлэнх нь илрээгүй гэдэг. Харин сүүлийн хоёр жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захирамж гаргаж 33 цэгт ууц чануулж эхэлсэн байна.

www.zaluu.com

О.Сайхан