"Монголын эдийн засгийн форум-2015" чуулган "Итгэлцэл" сэдвийн хүрээнд болж буй учир гадаадын хөрөнгө оруулагчдаас илүү дотооддоо асуудлаа ярихаар чуулж байна хэмээн Эдийн засгийн форумын захирал Б.Лакшми онцоллоо.
Чуулганд 1500 орчим төлөөлөгч оролцож буй бөгөөд үүний 200 орчим нь хэвлэл мэдээллийн байгууллагынхан аж. Харин гадаадын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь Монгол Улсын макро эдийн засгийн алсын харааг төсөөлөх, хөрөнгө оруулагчдыг татахад чиглэж байна.
Үдээс хойш Монгол Улсын зээлжих зэрэглэл сэдвээр салбар хуралдаан болсон юм. Хуралдааны модератороор "Mongolian Opportunities Partners"-ийн захирал Б.Батсайхан ажилласан юм. Дэлхийд алдартай Фитч рейтингс, Ази номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю Фэннэл илтгэлдээ, манай улсын зээлжих зэрэглэлийг B+ буюу өндөр эрсдэлтэй ангилалд багтаж буйг онцлов. Тэрээр гаднаас орж ирэх мөнгөний урсгал энэ чигээрээ байвал төгрөг суларч эрсдэл бий болно гэдгийг хэлж байна.
Тэрээр илтгэлдээ, “Тусгаар тогтносон улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо боловсронгуй загварууд ашигладаг. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудад тулгардаг зүйл нь зэрэглэл хэр үндэслэлтэй вэ гэдэг асуудал юм. Хамгийн гол нь өмнөх зэрэглэл бодит байдлаар нотлогдож байна уу гэдгийг чухалчилдаг. Монгол Улсын хувьд өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 50 хувьтай байгаа нь Египет болон зарим орнуудаас доогуур боловч үүнээс ч бага хувь хэмжээтэй орнууд бий. Монголтой ойролцоо хувь хэмжээтэй 20 гаруй улс орон байна.
Зээлжих зэрэглэл сайжруулах эерэг хүчин зүйлийн нэг бол Макро эдийн засгийн бодлого тодорхойлолт оновчтой болох явдал юм. Түүнчлэн “Оюу Толгой”-н хоёр дахь шатны яриа хэлэлцээ амжилттай болвол зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө" хэмээн дурдав.
Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд бодлогоо тогтвортой болгох, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Б.Заяа