02.01

“Ачтан”-ы эмчийн буруутай нь тогтоогджээ

“Ачтан” эмнэлэгт 2013  оны есдүгээр сард   цөсний  хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэн О.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй  хэргийг саяхан  Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны   шүүхэд хянан хэлэлцсэн байна. Хохирогч өнгөрөгч 2015 онд  цагдаагийн байгууллагад “Ачтан” эмнэлгийн эмч Б.Төмөрбаатар нар алдаа  гаргасны улмаас олон удаагийн хагалгаанд орж, эрүүл мэндээрээ ноцтой хохирч, санхүүгийн хүнд байдалд орсон асуудлыг шалгуулж, буруутай этгээдэд  хариуцлага тооцуулан  хохирлоо барагдуулахаар гомдол гаргасан байна. Гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс уг хагалгааг хийсэн эмч Б.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.   Хэрэг мөрдөн байцаалт,  шүүхийн  шатанд жил тойрсны эцэст ийнхүү  анхан  шатны шүүхийн шийдвэр гарсан  байна. Шүүхээс  их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2 т зааснаар  эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс  О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ .  Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо,   Японы  анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хагалгааны төлбөрт  зарцуулсан  119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төргөгийн бодит хохирлыг  “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлэжээ.

Хэргийг сөхвөл хохирогч О.Түмэндэмбэрэл 2013  оны есдүгээр сарын 11-ний өдөр “Ачтан” эмнэлэгт  дурангаар  цөсний хүүдийн чулуу  авах хагалгаанд орсон байдаг. Хагалгааг тус эмнэлгийн их эмч Б.Төмөрбаатар нарын баг хийхдээ  цөсний ерөнхий сувгийг гэмтээснээс цөсний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсч, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсчээ. Хохирогч олон удаагийн хүнд хагалгаанд орж амь нас нь аврагдсан ч өнөөдөр хүний асаргаанд ороод байгаа аж. Харамсалтай нь алдаа гаргасан нь тогтоогдсон эмч Б.Төмөрбаатар өршөөгдөж, хохирлыг барагдуулах ёстой  “Ачтан” эмнэлгийн удирдлагууд давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлдэж байгаа  гэнэ. Эмч, эмнэлгийн байгууллагатай  холбоотой хэрэг шүүхийн  шатанд ирэлгүй хэрэгсэхгүй болох нь олонтаа. Харин уг хэргийн хохирогчид жил гаруйн хугацаанд уйгагүй хөөцөлдсөний эцэст шүүхээр асуудлыг шийдүүлсэн ч “Ачтан” эмнэлэг хохирлыг барагдуулахаас зайлсхийж эхэлжээ. Эрүүл мэндийн салбарын ачааг үүрэлцэж, чанартай үйлчилгээ үзүүлдэг гэх нэрийдлээр өндөр үнэ тогтоож, эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний татаас авдаг  “Ачтан” эмнэлгийн эмч, ажилтнуудын алдаанаас нэг гэр  бүлийн амьдрал  орвонгоороо эргэчихээд байхад  шүүхээс тогтоогдсон хохирлыг төлөхөөс зугтаж, янз бүрийн хуулийн гаргалгаа хайж байгаа нь харамсалтай. Тэр ч байтугай алдаа гаргасан нь тогтоогдсон  их эмч Б.Төмөрбаатар өнөөдрийг хүртэл “Ачтан” эмнэлэгтээ ажилласан хэвээр байгаа аж.

 Уг асуудалд  Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын газар анхаарлаа хандуулж,  шаардлагтай арга хэмжээ авна гэж найдаж байна.

Д.ЖАРГАЛ

www.zaluu.com