02.04

Ж.Лхамхүү: “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэнгийн дүр намайг мандуулсан

Монголын анхны мэргэжлийн жүжигчдийн нэг Ардын жүжигчин Ж.Лхамхүүтэй ярилцлаа.

-Драмын урлагт хөл тавьсан түүхээс тань ярилцлагаа эхэлье. Та аравдугаар ангиа төгсөхдөө жүжигчин болно гэсэн шийдвэр гаргасан уу. Эсвэл өөр мэргэжилтэй болох бодолтой байв уу?

-Урлаг гэж юугаа ч мэдэхгүй хөдөөний охин“жүжигчин болно” гэж бодож байгаагүй. Би1959 онд аравдугаар ангиа төгсөөд “Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид хүүхэд шалгаж байна” гэхээр нь очоод шалгалт өгөөд тэнцчихсэн. Тэр үед Л.Ванган, Ц.Цэгмид нарын агуу хүмүүс шалгалт авч байсан юм. Шалгалт өгч байсан хүүхдүүдийн олонх нь хотынх байв. Л.Ванган гуай л “Энэ хөдөөний хүүхдийг авъя” гэж хэлснээр кино драмын ангид тэнцсэн дээ.

-Тэр агуу хүмүүсийн нүдэнд авьяасгүй байсан бол өртөхгүй л байсан байх. Тэгэхээр танд суурь авьяас байжээ?

-Аав ээжээс уламжилсан авьяас байсан биз. Миний аав, ээж их сайхан хоолойтой, ялангуяа уртын дуу их сайхан дуулна. Тэр нь надад нөлөөлж урлагтай хувь заяагаа холбосон гэж боддог.

-Сургуулиа төгсөөд шууд Драмын театрт хуваарилагдсан уу?

-Сургуулиа 1963 онд төгсөөд Драмын театрт орсон. Намайг театрт хуваарилагдахад онолоор төгссөн мэргэжлийн драмын жүжигчин бараг байгаагүй учраас шууд гол дүр авсан. Анх театрт хуваарилагдахад дахиад нэг их сургуульд элссэн мэт санагдсан. “Итгэж болно” жүжгийн зоотехникч Дуламсүрэнгийн дүрийг анх бүтээсэн юм. Дараа нь энэ зохиолоор “Энэ хүүхнүүд үү” киног найруулсан.

-Танай ангийнхан анхны мэргэжлийн драмын жүжигчид гэдгээрээ тухайн үедээ ялгарч байсан байх даа?

-Манай ангиас олон сайхан жүжигчин төрж, Монголын урлагт“өнгө” нэмсэн дээ. Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин С.Сэлэнгэ гэсэн Драмын театрын нэгэн үеийнхэн төрсөн.

-Таныг Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайтай үй зайгүй найз гэдэг. Та хоёрын нөхөрлөл оюутны ширээнээс эхэлжээ?

-Тэгэлгүй яах вэ бид хоёр хамт суралцаж байхаасаа л нөхөрлөсөн. Дараа нь театрт хамт ажиллаж байлаа. Өдрийн хоолоо танайд идэх үү, манайд идэх үү гээд цаг үргэлж л хамт байж, нэгнийхээ зовлон жаргалыг 50 гаруй жил хуваалцаж байна. Одоо ач зээгээ хараад байнга уулзах зав гардаггүй ч тогтсон өдрүүддээ заавал уулздаг.

-Кино хальснаа буусан дүрүүдийг тань үзэгчид андахгүй. Харин Драмын театрт ямар төрлийн дүр бүтээж байв?

-Би драмын жүжигт хамгийн эмгэнэлтэй бөгөөд хүнд сэдвийг барьсан дүр бүтээдэг байлаа. А.Чеховын“Интоорын цэцэрлэг” жүжигт би хоёр дүр бүтээсэн. 1960-аад оны тавилтан дээр нь Анягийн дүрийг бүтээсэн. Тэр дүрийг ёстой материалаараа бүтээсэн дээ. Сургуулиа төгсөөд удаагүй, туршлагагүй байсан учраас залуу насны чимгээрээ л энэ дүрийг авч гарсан. Харин дараа1986 онд тавихад нь Любовь Андреевнагийн дүрийг бүтээсэн. Дэлхийн шилдэг жүжигчид Любовь Андреевнагийн дүрд хүчээ сорьдог. Би энэ дүрийг бүтээсэндээ баяртай л явдаг юм. Ер нь энэ дүрийн цаад утга, санааг ойлгож гаргахад хүнд, ажиллагаа шаарддаг. Дэлхий одоо л Антон Чеховыг үнэлж байна. Бидний үед хүмүүст сайн хүрдэггүй байсан. Манай театр уран бүтээлчдийнхээ ур чадварыг өсгөх гэж А.Чеховын зохиолыг тавьдаг байсан юм. Театрын урын сангийн бодлого гэх үү дээ.

-Шүүмжлэгчид таныг Любовь Андреевнагийн дүрийг муугүй бүтээсэн гэдэг юм билээ?

-За яах вэ, тэр үед шүүмжлэгч, урлаг судлаачид“гайгүй бүтээжээ” гэсэн үнэлгээ надад өгсөн. Би магтаалд тийм ч дуртай биш. Жүжигчин хүн шүүмжлэл сонсч, тусгаж байж уран бүтээлч болдог. Шүүмжлэлээс хүн өөрийгөө хаана яваагаа мэддэг, яах ёстойгоо олж хардаг юм. Би шавь нартаа “магтаал хэрэггүй шүү” гэж хэлдэг. Ер нь уран бүтээлчийн амжилтаас хойш татъя гэвэл шүүмжлэх хэрэггүй, магтаалаар бул гэдэг шүү дээ.

-Таныг оюутан байхдаа анхны дүрээ бүтээсэн гэдэг. Кинонд залуу насаа мөнхлөх боломж хэрхэн тохиов?

-Би Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хоёрдугаар дамжаанд суралцаж байлаа. Тэр үед би кинонд тоглох нь байтугай пробонд орж үзээгүй байв. Манай ангид театр урлагийн хичээлийг Ардын жүжигчин, зохиолч, найруулагч Э.Оюун багш заана. Багш минь намайг “Гологдсон хүүхэн” киноны Цэрэнд тоглохыг ятгаж би энэ дүрийг бүтээсэн юм. Цэрэнгийн дүрийг бүтээж чадна гэсэн итгэлийг Э.Оюун багш өгсөн. “Гологдсон хүүхэн” киноны Цэрэнгийн дүрээр кино урлагтай анх танилцсан даа. Цэрэнгийн дүрийг бүтээхдээ үсээ тайруулна гэхээс харамсч байсан. Тэгэхэд Э.Оюун багш намайг аргадаж “Үс бол удахгүй ургачихна. Энэ кино чиний орь залуу насыг үүрд мөнхөлнө шүү дээ” гэж хэлсэн нь санаанд одоо ч тод байна.

-Таны бүтээсэн кино дүрүүд үзэгчдийн сэтгэлд их хоногшсон байдаг. Тухайлбал, “Нандин эрдэнэ”, “Эзэнгүй айл” зэрэг киноны дүр байна?

-Кинонд эсрэг дүр олныг бүтээсэн. “Эзэнгүй айл”, “Нандин эрдэнэ” зэрэг киноны дүр үзэгчдэд их хүрсэн байдаг. “Эзэнгүй айл” бол нийгмийн шилжилтийн дараа хийсэн кино учраас Монголын нэгэн үеийн айл өрхийн амьдралыг их тод дүрсэлсэн.

-Та СУИС-д багшлаад 20 гаруй жилийг үджээ. Урлагт шинэ мэргэжилтэн бэлтгэх Драмын театрын тайзнаа жүжиглэхээс хэр ялгаатай байна вэ?

-Жүжигчнээр ажиллах, их сургуульд багшлах хоёр их ялгаатай юм. Би өнгөрсөн хавар зургаа дахь ангиа төгсгөсөн. Энэ жил долоо дахь ангиа дааж аваад байна. Хориод жил багшлахдаа олон шавь нартай болж, тэд нараараа л бахархаж сууна даа. Миний шавь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Амгаланбаатар, С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, Д.Ганцэцэг нар байна. Мөн хошин урлагийн“Маск” продакшны жүжигчид миний шавь нар. Энэ жилээс Г.Амгаланбаатарыг өөрийн туслах багшаараа ажиллуулж байгаа. Манай ангийг Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба, Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хүүхдүүд тохижуулж өгсөн юм.

-Та Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” жүжгийг тайзнаа амилуулсан уран бүтээлч. Энэ агуу зохиолчийн эхнэр Ч.Долгорсүрэн гуайтай нэг театрт ажиллаж явсан. Тэдэнтэй хамтран ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцана уу?

-“Гарын таван хуруу” жүжгийн Сүрэнгийн дүр намайг мандуулсан. Сүрэнгийн дүрээрээ үзэгчдийг уйлуулж байлаа. Театрын “Алтан үе”-ийн уран бүтээлчид нэгэн цагт хамт ажиллаж, тэдний сургаал шүүмжээр өсч дэвжсэн би азтай хүн. Ч.Лодойдамба гуай зохиолыг нь амьдруулсан уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч баяр хүргэдэг байсан. “Гарын таван хуруу” жүжгийг тайзнаа тавьсны дараа бидний хэдэн уран бүтээлчийг гэртээ хүлээж авсан юм. Тэр хүлээн авалтад“Сүрэнгийн дүрийг минь амилуулсанд баярлалаа, Ж.Лхамхүү” гээд хундага өргөж билээ. Тэр үг надад маш их урам, эрч хүч өгсөн нэг ёсны шагнал болсон юм. Ч.Лодойдамба гуай тэр үед манай яамны сайд байсан юм шүү дээ. Ямар ч хүнийг хүндэлж харилцдаг мундаг хүн байсан.

-Нээрээн л та “Алтан үе”-ийн уран бүтээлчидтэй хамт ажиллаж байжээ. Тэднээс суралцсан, ягштал баримталдаг зарчим тань юу вэ?

-Манай“Алтан үе”-ийнхэн дүр бүтээх чадвар, хөдөлмөрч зангаараа үлгэр жишээ болсон шижир алт шиг жүжигчид байсан. Эргээд бодоход тэд минь голыг олж хэлдэг, голчийг нь олж хардаг гайхалтай хүмүүс байжээ. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Э.Оюун, Төрийн шагналт зохиолч Л.Ванган нарын уран бүтээлч, театрыг ариун сүм шиг хүндэлдэг зарчмаа бидэнд уламжлуулсан. Сөрөг бодол, атаа жөтөө, хорон өрсөлдөөн театрт байж болохгүй гэсэн зарчим театрт үйлчилдэг. Жүжигчнийг чанга дэгээр жин-хэнэ уран бүтээлч болгож төлөвшүүлдэг, биднийг хатуу үгээр хүмүүжүүлдэг хүмүүс байсан.

-Та ааштай, хатуу сэтгэлтэй ч гэмээр зантай дүрүүд их бүтээсэн байдаг. Та ер нь бодит байдал дээр ямар зантай хүн бэ?

-Залуу насанд зарим юмыг анзааралгүй өнгөрөөсөн тал байдаг байх л даа. Би ер нь багадаа жаахан чинээлэг айлын, ээж аавдаа ч, театрынхан дотроо ч эрх нь байсан. Тийм болоод ч тэрүү өөрийнхөөрөө дүрээ гаргалаа гээд намайг зэмлэсэн удаа байгаагүй. Намайг театрынхан маань их бардам зантай гэдэг. Хүн гаднаас харахад би их зантай юм шиг мөртөө ойртохоор зүгээр л хүн шүү дээ. Харин би бусдаас илүү өөртөө итгэлтэй гэж өөрийгөө боддог юм. Өөртөө итгэлтэй зан маань ажлыг яаж ч хийсэн тэрийгээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэдэгт бат л зогсдог доо.

-Та Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг ангийнхнаасаа түрүүлж хүртсэн. Энэ алдрыг дагаж их хариуцлага ирсэн үү?

-Би их залуухан гавьяат жүжигчин болсон. Урлагт хөл тавиад 14 жилийн дараа энэ алдрыг хүртсэн. Ю.Цэдэнбал даргаас 1977 онд шагналаа авахдаа их сандарч “Алтан үе”-ийнхэн шигээ л ажиллаж гавьяат жүжигчин цолоо өндөрт өргөнө дөө л гэж бодсон. “Алтан үе”-ийнхэндээ үнэлэгдэж гавьяат болсондоо баярладаг. Гавьяат болсноосоо хойш 31 жилийн дараа Ардын жүжигчин гэсэн сайхан алдрыг хүртлээ.

-Эцэст нь асуухад урлагаас таны олж авсан дээд шагнал юу вэ?

-Би урлагийн хүн болсноороо бахархдаг. Миний амьдралд янз янзын л зүйл тохиолдож байсан. Уйтгар гуниг ч байлаа, баяр жаргал ч байлаа. Энэ бүхнийг би урлагийн хүн болсныхоо хүчээр л даван туулсан. Бусад хүн даван туулдаггүй гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ урлагийн хүн урлаг дотроо хагсарч өөрийгөө үргэлж ялж сурдаг. Чи өнөөдөр театрын хаалгаар голоосоо гадна тайлж орж ир гэдэг үг манай урлагт байдаг. Тэгэхээр тэр сэтгэлийнхээ хир буртгийг гадна нь ариусгаж орж ирнэ гэсэн үг. Гэхдээ хүн гэдэг он жилүүд улирах тусам би илүү эрт ухаарах юм бас байжээ гэж боддог. Эцэст нь хэлэхэд би урлагт сэтгэл зүрхээ өгснөөсөө ихийг авсан шүү.

 

Х.Эрдэнэзаяа