02.05

ЮНЕСКО-д “Ботго авахуулах зан үйл” бүртгэгдлээ

2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ботго авахуулах зан үйл”-ийг Удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр батлан бүртгэсэн билээ.
Ийнхүү 2016 оны 2 дугаар сарын 5-ны
өдрийн 11 цаг 30 минутаас Монгол Улсын Филармонид “Ботго авахуулах зан үйл”-ийг батлан тунхагласан ЮНЕСКО-гийн БАТЛАМЖИЙГ хүлээн авах ёслолыг зохион байгуулах гэж байна.
Монголчуудын уламжлалт зан заншилд мал аж ахуйн холбогдолт зан үйл үлэмж байр суурийг эзэлдэг. Тэдгээрийн нэг нь төл авахуулах зан үйл билээ.Төл авахуулах ая дуудлага, тэр дундаа ботго авахуулах зан үйл нь Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад орсон өв юм.
Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад "хөөс, хөөс" хэмээх тухайлсан аялага, дуу-дохиог хэрэглэж ирсэн уламжлалтай.
Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. Энэ бол монгол ардын дууны сонсголон, яруу ая эгшгийн нөлөөлөх их хүч юм. Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд нь удаан уянгалаг, заримд нь гэгэлгэн хайлган аяыг сонгон эгшиглүүдэг байна. 

Монгол Улс нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Морин хуур, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Бүргэдийн ан, Монгол гэр, Шагайн харваа, Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад Монгол тууль, Ардын бүжгийн урлаг-бий биелгээ, Хөөмэй, Цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, Монголын уран бичлэг, Ботго авахуулах зан үйл зэрэг нийт 13 өвийн зүйлийг бүртгүүлээд байна

 

www.TOP.mn