Яруу найрагч Санзайгалсан овогтой Ууганбаяр ахын Болор цом-33-н тайзнаа уншсан шүлэг
ХӨХ
Хөх тэнгэрийн үүлс гижигдэж
Хөх өвсний дөл дүрэлзэх нь униар болно
Хөхөмдөг талын үндэс цочоож
Хөх шувууд дүрэлзэх нь гал болно
Хөл хүнд бүсгүй бүдрэхэд
Хөх талын цэцэг өвдгийг нь түшиж ургана
Хөндлөн уулс тэгэхэд намасхийж
Хөх талын хэвлий хөндүүрлэх шиг болно, оо
Хөх сарны хэвлийд
Хөх бүжин дэгдэх нь
Хорвоод мөнхийн дэн болно
Хөх аргалын дөл
Хорол тооноор цоролзох нь
Хөх Монголын минь голомт болно
Хүй цөглөсөн бууцны хөлд
Хөх хоргол хөглөрөөд намар болно
Хөлд орсон толгодын минь хормойд
Хөх дөл мэдэрхүй шүргэхэд
Хөх үүрийг дуугаараа цочоож
Хөх толботой хүү төрнө
Хөх Монголын хөх эрчүүд амиа бөхлөж аав болно,оо
Хүй тасласан цус нь хөх
Хөндөж чарласан уудам нь хөх
Хүй цөглөсөн нь бууц нь хөх
Хөлд орсон тал нь хөх
Өвдгөө шалбалсан чулуу нь ч хөх
Өвөг дээдсийн зориг нь ч хөх
Хөх Монголын хөх шүлэгчийн хүсэл нь бас хөх өө
Санзайгалсангийн Ууганбаяр