02.06

Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов


2016 оны 02 сарын 05-ны өдөр                                                                       Дугаар А/104                                                                               Улаанбаатар хот
 
 
Авто зам, замын байгууламжийн
байршил тогтоож, газар эзэмших
эрх олгох тухай
 
 
          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “в”, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Журам батлах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөгдсөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийн даалгавруудын дагуу 6 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоон нийслэлийн Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх тус тус олгосугай. Үүнд:
 
          1.1 Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Этүгэн” дээд сургууль, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг орчимд шинээр барих авто замд 1,5 га;
 
         1.2 Баянгол дүүргийн 7,8,9,13,14,15,17,18,19,21 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний ордноос Ард Аюушийн гудамж хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 10 га;
 
          1.3 Чингэлтэй дүүргийн 5,8,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 3,5 га;
 
         1.4 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 1,5 га;
 
         1.5 Баянзүрх дүүргийн 13,14,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам болон Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажилд 0,75 га;
 
         1.6 Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,16 дугаар гудамжны дунд хэсгийн авто зам, 15,16 дугаар гудамжны дунд хэсгийн хайрган авто замын ажилд 1,8 га;
 
         Хоёр. Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /О.Одбаяр/, кадастрын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, авто замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус үүрэг болгосугай.
 
          Гурав. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.

 


 
 
 
 
                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                      САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                                      АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                                      ОРЛОГЧ                                                           Н.БАТАА

www.TOP.mn