02.13

Сар шинийн өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа

Монголчуудын маань жарнаар тоологддог цаг хугацааны дарааллаар мичин жил айлчлан ирж, хаврын тэргүүн сараа угтаж хотол түмэн амар мэндээ эрэн золгож байна. Энэ баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын алба албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Улсын хэмжээнд уламжлалт баярын энэ өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа.

Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд 2 иргэн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирснээр орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олов.

Түүнчлэн иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлагууд зонхилон ирлээ. Онцгой байдлын албаны албан хаагчид хөдөө замд цасанд сууж саатсан 14 автомашиныг цаснаас татан гаргаж, нийт 71 зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажиллав.

Шинийн гуравны өдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан хэдий ч улсын хэмжээнд одоогоор  хаагдсан зам даваа байхгүй байна.

www.TOP.mn