02.16

Бразил: Гажигтай төрж буй хүүхдүүдийн тархинд Зика вирус байгааг илрүүлжээ

Бразил улсын судлаачид микроцефаль буюу толгой хэт жижгэрэх төрөлхийн гажигтай төрж буй хүүхдүүд болон Зика вирусын хооронд харилцан хамаарал байгааг судалгаагаар илрүүлсэн байна.

Төрөлхийн гажигтай төрж буй хүүхдүүдийн тархины эдэд Зика вирусын оршихуй байгааг илрүүлсэн гэж Бразил улсын Эмгэг судлалын нийгэмлэгийн эмгэг судлаач Лусиа Норонха мэдээллийн “AFP”-д ярьжээ.

“Тархийг гэмтээж, улмаар оюуны хомсдолтой болох нөхцлийг үүсгэгч микроцефаль болон Зика вирусын хооронд холбоо хамаарал байгааг нотолсон” хэмээн тэрбээр ярьсан байна.

Үүнээс өмнө Парана их сургууль дээрх Норонхагийн багийхан хамгийн анхын Зика вирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйг судалгаанд хамруулж, ураг орчмын шингэнд тус вирус байгааг илрүүлж байсан юм.

Тэд Освалдо Круз сангаас тархины эд эсийн дээж авч судалгаандаа ашигласан байна.

1947 онд Уганда улсын Зика нэрт ойгоос анх сармагчинд илэрч байсан тус вирус өнгөрсөн онд Бразил улсад тархаж байсан бөгөөд одоогоор Америк тивийн 30 гаруй оронд  дэгдээд байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn