Элэгний С вирусын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсаж яваа манай улс ард түмнээ элэгний С вирусын өвчлөлөөс ангижруулах, ажлыг шинэ оны босгон дээр хийж чадсан билээ. Шийдлийн Засгийн газар Эрүүл мэнд, спортын яамны үе үеийн сайд нарын ажлын үр дүнд өнөөдөр С вирусийг эмчлэх “Харвони” эм Монголд орж ирсэн явдал юм.
Тодруулбал, элэгний С вирусыг эмчлэх эм өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орж ирэн 12 сарын 28-ны өдрөөс эхний ээлжинд эмчилгээнд хамрагдах иргэдээ сонгон Эмийн сангуудаар зарж худалдаалж эхэлсэн байгаа юм. “Харвони” эмийг Монголд оруулж ирэх санаачлагыг анх НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа дэд сайд байх үедээ гаргаж байсан.
Ингээд манайд орж ирээд бараг хоёр сар гаруй болж байгаа энэ эмийн талаар НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.
-“Харвони” эмийг ууж байгаа хэчнээн хүн байна. Үр дүн гарч, мэдэгдсэн зүйл байна уу?
-Энэ эм өнгөрсөн арванхоёрдугаар сард орж ирсэн. Ихэнх хүмүүс сар гаруйн хугацаанд уугаад эхэлсэн байгаа. Эмийг ууж дууссаны дараа иргэд хяналтын шинжилгээ хийлгэх ёстой. Одоогийн байдлаар шинжилгээгээ өгөөд үр дүнг нь танилцуулаад явж байна. Урьдчилсан байдлаар харахад бараг 100 хувь үр дүнгээ өгсөн байна. Надад үзүүлсэн элэгний С вирустэй хүн болгоны вирус нь 00 болчихсон байх жишээний. Эмчилгээний үр дүн сайн байгаа гэж хэлнэ.
-Эмийн гаж нөлөө гэж бий юу. Одоогийн байдлаар хэчнээн хүн энэ эмийг ууж байгаа вэ?
-Гаж нөлөө бага. Ганц нэг хүний толгой өвдөж байна гэсэн. Харин цөөхөн хүнд ядрах, ихэнх нь энэ эмийг уугаад “Надад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй байна” гэсэн байр суурьтай байна. 1600 хүн уух ёстойгоос одоогоор 1200 хүн ууж хэрэглэж байна. Зарим нь дөнгөж эхэлж байгаа. 100 хүн тутмын 5 хүнд л жаахан гаж нөлөө илэрсэн. Түүнээс хортой гаж нөлөө илрэхгүй ээ.
-Энэ эм ямар Эмийн сангуудаар зарагдаж байгаа вэ. Үнийн хувьд хэчнээн төгрөгөөр зарагдаж байна?
-Монголд үнэтэй зарагдаж байна гэсэн асуудал гарахгүй байгаа. Дэлхийн хэмжээнд үнэтэй байна гэсэн асуудал ноцтой сэдэв болоод байна. Зарим улсад 90 гаруй мянган доллараар зарагдаж байна. АНУ-д 96 мянган доллар, Европод 50-60 мянган еврогоор зарагдаж байгаа. Тийм учраас үнийн асуудал дэлхийн хэмжээнд хурцаар тавигдаж байгаа нь үнэн. Харин манай улсад харьцангуй хямдралтай үнээр орж ирсэн учраас гайгүй шүү. Гэхдээ монголчуудын худалдан авах чадвар ямар билээ. Тэрэнтэй харьцуулахад үнэтэй санагдаж байгаа өрх айл байгааг нуухгүй. Одоогийн байдлаар гурван сарын курс эмчилгээ нь 1200 доллар буюу сарын 400 доллар, нэг сарын эмчилгээ нь 800 мянган төгрөгөөр хийгдэж байна. Тийм учраас энэ “Харвони” эмийг даатгалд, зайлшгүй эмийг жагсаалтад оруулъя гэсэн хүсэлтийг ЭМСЯ, ХАХНХЯ-нд тавьсан байгаа. Тэд нараас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа гэсэн. Эмийн үнийг яг хэдэн хувиар хямдруулах гээд байгаа, ямар хөнгөлөлт өгөх гээд талаар тодорхой хариу авч чадаагүй.
-Хаагуур зарагдаж байна, мөн ямар компани оруулж ирсэн талаар мэдээлэл өгөөч?
-Монголд 20-иад эмийн сангаар зарагдаж байна. Нэрсийг нь сайн мэдэхгүй байна. “Онбол” гэж эмийн компани оруулж ирж байгаа. Нэг зүйлийг нэмээд анхааруулахад энэ эм зөвхөн С вирусын эм шүү. Гэтэл зарим хүмүүс бусдадаа буруу мэдээлэл өгч В вирусыг бас эмчилдэг гэсэн ойлголтыг өгөөд байгаа нь өрөөсгөл. Хоёр өөр эм шүү. Ялгаж ойлгоорой. Үнийн тухайд бууруулах тал дээр өөр үйлдвэрүүд энэ эмийг үйлдвэрлээд ижил төстэй эм гараад ирвэл хоёр дахин хямдрах боломж бий. Яг одоохондоо ийм маягаар оруулж ирсэн газар байхгүй ээ. Дэлхийд байгаа хамгийн хямдхан эм бол “Харвони” юм.
-Манайхан элэгний С вирусээ устгуулахаар гадагшаа явдаг байсан бол одоо энэ эмийн сургаар эх орондоо ирэх иргэдийн тоо нэмэгдсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-Үнэн. Манайхан гадагшаа эмчилгээнд орохоор явдаг байсан бол одоо эсрэгээрээ гадаадаас эх орондоо ирж эмчилгээнд оръё гэсэн хүсэлт ихээр ирж байна. Тэгэхээр гадаадад байгаа монголчуудыг эмчлэхэд хэцүү. Тэр хүмүүс хэрэв эмчлүүлэх юм бол эндээ ирээд гурван сарын хугацаанд тогтвор суурьшилтай байж эмчлүүлэх шаардлагатай. Түүнээс гадаад руу эмийг нь явуулах, алсын зайнаас эмчлэх ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл заавал хяналтын шинжилгээтэй хавсарч байж үр дүнтэй цогц эмчилгээ хийгдэнэ.
-“Харвони” эмийг ууж эмчлүүлснээр элэгний С вирус ор мөргүй арилж устана гэдэгт итгэлтэй байгаа уу?
-Ор мөргүй алга болж устана. Гэтэл зарим хүмүүс өвчтэй хүмүүсийн толгойг эргүүлж, сэтгэлзүйгээр нь тоглоод байх юм. Жишээлбэл, “вирус алга болохгүй ээ, эргэж гарч ирнэ” ч гэх юмуу. Гэхдээ эргэж гарч ирэх, илрэх тохиолдол байгаа. Ер нь вирус нь дарагдсан хүмүүсийн 96-98 хувь бүрэн эмчлэгдэж, вирусгүй болно. Цаана нь 2-4 хувьд нь эргэн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Эмийг эмчилгээ болно, вирус бүрэн устана гэж уух ёстой. Түүнээс эргэж гарч ирэх вий гэсэн айдас болгоомжлол үндэслэл дээр уувал зохимжгүй юмаа.
-Одоогийн байдлаар энэ эмийн нөөц хүрэлцээ хэр хангалттай байгаа вэ?
-Нөөцийн тухайд гэвэл бараг дуусч байна. Гуравдугаар сарын сүүлчээр бол дараагийн 1600 хүний эм орж ирэх гэж байгаа. Энэ мэтээр тасралтгүй үргэлжлэн явна. Тиймээс ард иргэд айж сандрах хэрэггүй юмаа. Зөв эмчдээ бүртгүүлээд хяналтад эмээ уугаад яваад байвал бүрэн эмчилгээ авах боломжтой. Одоогийн байдлаар гурван сарын эмчилгээ хийлгэж байгаа хүн ч бий. Зарим нь зургаан сарын эмчилгээ ч хийлгэж байна.
-Ямар хүмүүс зургаан сарын эмчилгээ хийлгэж байгаа юм?
-Өмнө нь интервонийн эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй хүмүүс дахин зургаан сарын эмчилгээнд хамрагдаж байгаа юм. Анх удаагаа С вирусын эмчилгээнд орж байгаа хүмүүс бол гурван сарын хугацаанд эмчилгээгээ хийлгээд дуусч байна.
-Энэ эмийг хилээр гаргах хориотой гэсэн үү?
-Тийм. Яагаад гэвэл эмийн хууль бус наймаанаас урьдчилан сэргийлэх ёстой. Монголд хямдхан орж ирсэн болохоор бусад улс орон руу дамлагдан зарагдах вий гэсэн болгоомжлол оруулж ирж байгаа эмийн компанид бий. Хэрвээ энэ эмийг хилээр авч гарах юм бол хайрцганд нь мэдрэгч байгаа. Тийм учраас хаана явж байгааг мэдэх бүрэн боломжтой.
-Сайны хажуугаар саар гэгчээр энэ эмийн тухайд янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?
-Муу муухай, гаж нөлөө ихтэй эмээр Монголчуудад туршилт хийх гээд байна гэсэн мэдээлэл гарсан. Ийм маягаар энэ ажлыг харлуулах ажил давхар явагдаж байна. Энэ мэдээллээс болоод энэ эмийг уух уу, болих уу гэж эргэлзсэн хүмүүс мэр сэр байна. Үүний талаар тодорхой хариултыг өөрийн цахим хуудсаараа дамжуулж өгсөн. Гадаадын нэг иргэн ирээд сөрөг утгатай сонин зүйл ярьчихаад л явсан байна билээ. Ард иргэдэд зориулж нэг л зүйлийг хэлье. “Хүмүүсээ наад эмийг чинь муулаад харлуулаад байгаа улсууд чинь таныг элэгний хавдар туссан үед юмуу, элгээ солиулах гээд хагалгааны ширээнд дээр хэвтэж байх үед чинь “Би элгээ өгье” гээд хариуцлага үүрээд ороод ирэх хүмүүс биш шүү. Тэр үед таныг эмчилж байгаа эмч тань хариуцлага хүлээнэ үү гэхээс хаа байсан гадаадаас ирсэн хэн нэгэн таны эрүүл мэндийг аврахгүй юм шүү. Энэ үед үхэл, элгээ өгье гэсэн донор хоёрын асуудал яригдана. Тиймээс зөв сонголтоо хийгээрэй. Юманд буурьтай суурьтай болгоомжтой хандаасай. Захын нэг гудамжны хүний үгэнд итгээд амь нас, эрүүл мэндээрээ битгий хохироорой л гэж хэлье дээ.
-Монголд В, С вирустэй хэчнээн иргэн байна вэ?
-Монголын хүн амын 15 хувь нь С вирустэй, 10 хувь нь В вирустэй гэж үзэж байгаа. Тэгэхээр нийт 25 хувьд нь элэгний В, С вирустэй буюу дөрвөн хүн тутмын нэг нь элэгний В юмуу С вирустэй байна гэж хэлж болно.
О.Сайхан
Zaluu.com