02.17

Д.Чойжамц: Жил солигдлоо ч хүний амьдрал солигдохгүй

“Open door” сонин VIPerson зочноороо Монголын Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг урьж уншигч олонтойгоо уулзуулахаар шийдсэн юм.

-Эрхэм хамба таныг уншигчидтайгаа уулзуулалгүй удсан байна. Урьд нь олонтаа хөөрөлдөж явжээ.
-Тэгсэн байх.
-Нэг уулзсных асуух зүйлсээ амжуулаад авах төлөвлөгөө байна. Болно биз дээ?
-Маргаашаас их уншлага эхлэнэ. Цаг жаахан бага л байна. Тэгээд та мэдэж байгаа хойно, асуултаа тавь даа.
-Манай бурханы шашныг шинэ үеийн залуус жаахан шүүмжлэлтэй нүдээр хардаг болжээ. Сүсэгтэн олондоо нөлөөлөх чадвар нь сул байна. Тэднийг залж тэгшитгэх үүргээ биелүүлэхгүй байна. Төв Гандан хийдийн орчин маань ч хуучирч хоцрогдсон, жуулчид ирлээ гэхэд сэтгэлийг нь татах юу ч байхгүй гэх мэтээр. Орчин цагийн энэ их нүргээн дунд шашин маань нөлөөллөө алдсан гэх тухайд та чухам юу хэлэхсэн бол?
-Тийм ээ, тийм. Нөлөөлөл ихтэй байсан үе бий. Бидэнд хүчтэй нөлөөлж байсан үе нь 1937 оноос өмнөх. Нөлөөллөө алдсан үе бас байна. Тэр нь 1937 оноос 1990 он хүртэл. Энэ бол гарцаагүй үнэн. Улаан засаг алдуулсан юм чинь. Харин 1990 оноос нөлөөллөө алдсан гэж юугаа алдах вэ дээ. Алдана гэж ярих цаг хугацаа ч болоогүй байна. Яагаад гэвэл бид шашнаа дахин сэргээж байна. Мянга гаруй сүм хийдээ орвонгоор нь газраас арчуулчихсан. Тэр дотор байсан гайхамшигтай шүтээн, бурхадуудаа бүгдийг нь үгүй хийлгэсэн. Дэлхийн хоёрдугаар дайны суманд явуулсан. Тэсч үлдсэнийг нь газар дор булсан. Оллоо ч гэсэн гаргаж ирээд залах юм байхгүй. Заавал хортонтой. Аливаа нэг эмзэг газарт нь хэмхлээд хаясан л байдаг. Тэрэн дотор байсан гайхамшигтай ур хийц бүхий, бүр бурхан багшийн үеэс эхлээд Энэтхэг, Түвдийн мэргэд, Гомболүдэвийн гэгээн, Түвдийн Зонхова Богдоос авахуулаад манай Балдан цоржийг хүртэл явж ирсэн тэр гайхамшигтай, ухаалаг соён гэгээрүүлэгчдийн бичиж зохиосон ном бүтээлүүдийг бүгдийг шатаасан. 20-иод мянган лам хуврагаа хороосон. Хамгийн шилдэг гавж, гэвш, хувилгаад хутагт нараа алдсан. Тийм дор орсон шашин л 1990 оноос хойш сэргэж явна. Энэ сэргэлтэн дээр мэдээж хэрэг бурханы шашныхан зүтгэж байна. Гэхдээ бусад оронтой харьцуулж үзвэл арай бага, арай ядуу байж магадгүй. Бусад ухаалаг орнууд шашнаа сэргээхдээ яаж хандсан билээ. Оросод гэхэд 1990-ээд оны эхээр Чубайс гарч ирээд 10 гаруй миллиард доллар гаргаад л том том сүмүүдийг босгосон шүү дээ. Нэг талаар ард түмнээсээ уучлал хүсч байгаа хэрэг. Нөгөө талаар ард түмнээ шашин нэгтэй болгож нэгтгэж авч байгаа улс төрийн том бодлого л доо. Тэгээд энэ олон ургальч үзэл дэлгэрч байгаа ийм нийгэмд коммунизм гэж нэг юм тэнд бий гэж зүг заачихаад тэр лүүгээ явуулдаг. Олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн учраас олон түмнээ нэгтгэдэг юм нь шашин л харагдаад байгаа юм. Үүнийгээ мэдэрсэн Орос, Хятад тэргүүтэй Польш, Вьетнам, Камбож, Лаос зэрэг бид нар шиг коммунист байсан орнууд цааш нь аваад явсан. Орос гэхэд сүм дуганыг нь буцааж өгсөн. Сүсэгтнүүдээ шинээр уриалан дуудсан. Шашныхаа тэргүүн II Алексей гэж хүнээ нэлээн хүндлээд, нийлээд улс орныхоо хөгжил дэвшлийн тухай ярьдаг болсон. Төр нь өөрөө ингэж уриалан дуудаж шашнаа босгож өгсөн л дөө. Хятад бол өчнөөн олон сүм хийдээ барьж босгосон. Вьетнам, Камбож, Лаос гэхэд Тайланд, Бирм зэрэг мундаг улсуудад хүмүүсээ явуулж сургасан. Одоо очоод харах нь ээ ямар сайхан нийгэмд ажиллаж, амьдарч байна вэ. Манайх бол орж ирж байгаа шинэ шашнуудтай өрсөлдөөд л яавал яа, үхвэл үх, сэхвэл сэх гээд хаячихсан. Тийм учраас эдийн засаг байхгүй, ул суурь байхгүй, өчнөөн үнэт зүйлээ устгаж, боловсон хүчнээ алдсан тийм л шашин байна шүү дээ. Ёстой сүсэгтэй ард түмэн тулдаа өдий хүртэл итгэл бишрэлээрээ босгоод ирсэн. Сайхан босч байна. итгэл бишрэлтэй байна. Одоо биднийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад ард түмний тэр хүрээлэл гайхамшигтай байдаг. Засаг төрийн сүүлийн үеийн улсууд маань ч их харж, мэдэрч эхэлж байна.

-Би ойрд Гандангаар ирээгүй юм байна. Энэ урд босч байгаа том өргөө ямар зориулалтай эд вэ? 

-Манай засаг үе үеэрээ ойлгож засч, бодлогодоо өөрчлөлт оруулдаг. Тэрний нэг үргэлжлэл ажил л даа. Хэлмэгдэлд өртсөн шашнаа яаж босгож сэргээж авдгийг бусад орны үйл ажиллагаанаас олж харсан байх. Хоёрдугаарт, Монголын Бурхан шашны төв гэдэг энэ байгууллага 1944 онд үүсээд л, Гандан дээр байсан. Дацангуудаас үлдсэн, Богд нарын шарилын дуганд л 1944 оноос хойш 1990 он хүртэл байлаа шүү дээ. Тэгэхээр Монголд сүсэгтэй л хүн байдаг юм бол үүнийг харах л ёстой юм. Төр нь хүн амынхаа 60 гаруй хувь нь шүтдэг шашнаа дэмжих л хэрэгтэй.
-Хүмүүс маань салбар болгоноос менежмент гэдэг сүрхий сүйхээ шаардаад байдаг болчихож. Надад хааяа Бурхан шашны тэргүүнээсээ мөн тийм юм хүсдэг юм биш байгаа даа гэсэн бодол орж ирдэг юм. Нөгөөтэйгүүр бид өөрсдийгөө голох өвчтэй болсон байна. Та бол нийгмийн шилжилтийн үед шашны голомтыг ганхуулахгүй авч гарлаа. Энэ бол таны гавьяа. Гэхдээ та шашнаа сурталчлах талаар жаахан овсгоотой ажилласангүй юу даа. Ганц телевиз олдоход л шингээж чадаагүй хүн шүү дээ. 
-(инээв) Тиймээ энэ бол бодит, бас бодит биш ийм л шаардлага байгаа юм. Ерөөсөө Монголын нийгэмд ганц шашин ч биш ерөөсөө өөрийгөө голох дон гэдэг өвчин тусчихсан. Та эргүүлээд нэг бодоорой. Та ухаантай хүн. Цагаан сар болохоор жишээ нь хэвийн боовоо загнана, дээлээ загнана, малгайгаа загнана, тавьсан тавгийн идээг нь загнана, өгч байгаа бэлгийг нь загнана. Ерөөсөө бүх юмыг нь загнана. Төрийн тэргүүн хэрвээ энд ирвэл загнана. Гэтэл АНУ-ын тэргүүн Библи дээр гараа тавиад тангараг өргөхийг иргэд нь ардчиллын зарчим гэж ойлгоно. Илүү зарчим гэж үнэлнэ. Гэтэл бид өөрийнхөө бүх юмыг харлуулна. Наадам болоод ирэхээр л наадмын талбай дээр хүн бахархмаар сайхан л байдаг. Жишээлбэл, коммунизмын үед дөрвөн ханатай гэрт наадамлаад болоод л байсан бол одоо 10 ханатай, бүр урлагийн бүтээл шиг сайхан гэрт орчихоод л морио загнана, бөхөө загнана, сураа загнана. Монголын ард түмэн яасан сайхан баяжиж, өргөжиж байна вэ. Үүнийгээ харсан мөртлөө л ийм их шүүмжлэлтэй ард түмэн юм болов уу гэхээр л, үгүй байдаг юм. Монголчуудын коммунизмд дарлагдчихсан, асар айдастай тэр үед л ёлка гэдэг нэрээр тэр гадны соёлыг оруулж ирээгүй. Шинэ жил гэдэг нэрээр, ажил хөдөлмөрөө үнэлдэг дүгнэдэг тийм баяр болгож оруулж ирсэн. Сайхан урт сахалтай, цэнхэр нөмрөг нөмөрчихсөн, бүсэндээ даалинтай өвгөнийг бэлгэдлээ болгоод монгол баяр болгож өөрчилж чадсан. Үүнийх нь төлөө бид ёстой одоо өөрсдийг нь загнамаар байдаг. Улаан өмд, цамцтай монголчуудын нүдэнд ч хоногшихгүй, бүр зэвүү хүрмээр тийм юм авч ирээд тэрнийгээ гайхамшиг болгоод явж байна. Сантагаа хулгай хийж байгаагаар, айлд очоод айлын авгай хүүхдийг чангааж байгаагаар гаргадаг. Тэр аягүй бол нэг шашны бэлгэдэл байгаа даа. Талархлын баяр ч юмуу тэр бүх гадны баяруудыг авч ирэх маягтай, тэрийг л мундаг гэж үзнэ. Гурван сарын өмнөөс л хэдэн зуун мянгаар даашинз авч бэлдэнэ, тэрийгээ өмсөх гэж хэдэн сарын өмнөөс л хоолоо хасч биеэ нарийхан болгодог. Тэгээд л өчнөөн мөнгө гаргаж идэж уудаг. Тэгсэн хэрнээ Цагаан сараар хүнд жаахан бэлэг өгөхдөө үхтлээ хараана. Нэг талаар би үүнд их уйтгар гунигтай байдаг. Өөрийнхөө баяр болгоныг ад үзнэ. Америк болон хөгжиж байгаа орны бүх баярыг чирч авчрах маягтай. Түүнийг мундаг гэж үзэх янзтай. Ингэж гадны соёлыг ямар ч ухаангүйгээр авч ирдэг. Жишээлбэл, нөгөө сүнсний баяр байна. Halloween-ий баяраар машинаас хохимой толгой, үхсэн хүний хөл дүүжилчихсэн л давхиж ч байх шиг. Тэр баяраар чинь тэндээ бол хүмүүсийг айлгах гэж байна гээд хэд хэдэн хүнийг буудаж алдаг юм шүү дээ. Тэрийг нь мэдэхгүй энд тэмдэглэхдээ нэг их элит царай гаргана. (инээв) Цагаан сараар дандаа гадаад руу явна, сайхан дулаахан оронд очдог. Энд бид хэд л үлдээд боовоо хараагаад, бэлгээ хараагаад, бөхөө загнаад, шашнаа зүхээд сууж байдаг. Энэ бол монголчуудад байсан хуучин коммунизмын үеийн гадаадад таалагдах гэсэн үзэл байж магадгүй. Шинэ үзэл суртал нэвтрүүлэх гэсэн, өөр ашиг сонирхол тээсэн гадныхан тэр улс орныхоо үндэсний шашин, соёлоор нь оролддог. Сталин гуай буруу бодоогүй. Хамгийн түрүүнд коммунизмыг оруулах гэсэн чинь болж өгөхгүй байсан юм. Манай уламжлалт сэхээтнүүд Чингисийн удмын тайж ноёд л байсан. Болохгүй болохоор нь тэдгээр хүмүүсийг нь устгаад, шашнаар нь оролдоод л явчихсан.

-Урлагаар нь хүртэл дамжуулаад л ноёд баяд, лам нараа шоглоод явчихдаг юм билээ л дээ. 

-Үнэндээ инээдэмтэй ажил. Үүнийг одоо өөрсдөө үргэлжлүүлээд яваад байдаг нь сонин. Баячуудаа ад үзнэ. Татвар төлөгчдөө үзэн ядна. Бусад зах зээлийн нийгэмд яадаг вэ гэхээр үндэсний хөрөнгөтнүүд бий болж байж үйлдвэр заводоо босгож, улсын төсөвтөө мөнгө төвлөрүүлж, хөгшдийнхөө тэтгэвэр тэтгэмж энэ тэрийг бий болгодог юм шүү дээ. Үндэсний хөрөнгөтнүүд нь улс орноо авч явдаг. Монголд татварын мөнгөөр цалинждаг 250 мянган хүн бий. Яагаад гэхээр төсвийн мөнгө хэмжээтэй. Гэтэл тэднүүсийгээ засаг төр нь ч ад үзнэ. Хоёр намдаа оруулах гэж үзнэ. Улс төрд заавал хүчээр оруулах гэж үзнэ.
Орохгүй бол хавчина. Тэгээд арга буюу тэр бизнесменүүд чинь лобби хийх гэж улс төрд орж байна шүү дээ. Орж ирэхээрээ төрт ёсоо сүйд хийгээд байна. Улс орон явахгүй байгаа шалтгаан нь ганцхан шашин дээрээ байгаа юм биш. Нийгмийн ухамсарт байна шүү дээ. Ухаалаг улс орнууд өөр байна. Үүнийг харъя л даа. Өнөөдөр монголчууд бид дээшээ явж байна уу, доошоо явж байна уу.
-Сүүлийн үед олон залуу хамба гарч ирж байна. Тэд хичээж байна. Сүүлдээ дуулж хуурддаг ч болж байна. миний хувьд жамаараа гарч ирсэн шашны идеалуудыг мэдэхээс биш нийтийн дуучидтайгаа уралдаад л, шоу хийж байдаг лам нарыг мэдэхгүй?
-Үйлдлээс нь л харна даа. Эцсийн дүндээ хүмүүсийн сэтгэл санаанд хайр энэрэл, нигүүсэл өгч байгаа бол зөв зүйтэй гэж боддог юм. Яагаад гэвэл лам хүн гэдэг бол гүрэм засал хийхээс гадна бодисадын сэтгэлээр л сүсэгтэн олондоо тусладаг юм шүү дээ. Эцсийн үр дүн нь яаж гарч байна вэ гэдгийг л харах чухал. Гэхдээ нэг үеэ бодвол манай монголчууд сайн байгаа шүү.
-Дээр үед дэг алдсан, ёс зөрчсөн ламаахай нарыг шийтгэдэг байсан. Харин одоо энэ дүвчин юмаа больж ардчилагдсан. Үуний сөрөг тал гэж гарч байна уу. Нэг л их дур дураараа лам нар. Хэцүү биш үү? 
-Энэ байдал зоргондоо зүгээр болох юм байгаа юмаа. 1990 онд харах үзэх юм байхгүй. Лам нарыг идэж уудаг гээд жигтэйхэн хачнаар та нар минь дүрсэлсэн. Нэг их том малгай, эрдэнийн чулуун эрхи зүүгээд л байдаг хүнийг лам гэж ойлгоод үндсэн юмаа сахиад явж байгаа лам нараа доромжилдог байсан. Тэр үеийн лам болох гэж байсан хүмүүс тэр чигийг чинь дагаад явах гэж бас үзсэн. Гэтэл өнөөдөр 25 жилийн дараа харахад том малгай, том эрхи, торгон дээлтнүүд алга болж байна. Сүсэгтэн болон сүм хийд боловсроод ирэхээр хар аяндаа зайлж байна л даа. Нэг талаар сүм хийдийн өөрчлөлт, дүрэм журам сайжрах тусам дагаад сүсэгтэн олны үзэл бодол, нийгэм өөрчлөгдөж байна. Жишээлбэл, 1000 лам цуглаад хурахад том торгон дээл өмсөж даналзсан, том эрхитэй дүвчин лам нар харагдахгүй болж байна. Тэгэхээр бидэнд одоо санаа зоволтгүй. Аяндаа тэр дүвчин үзэгдэл багасч байна. Гэхдээ тийм юм хэрвээ байгаа бол мэдлэг хэртэй байгаагийнх нь л илэрхийлэл. Сахил санваар өөрийгөө магтаж болдоггүй, эрх чөлөөгөөр хангаж болдоггүй, хүнийг ёс суртахуунжуулаад л явдаг юм шүү дээ.

-Бөө гээд л нэг үзэгдэл гаарлаа. Үзмэрч гээд л эрэгтэй, эмэгтэй үзмэрч баахан юмнууд гарч ирж байна. Тэнгэр үзэлтнүүд гээд л баахан нөхөд нисдэг таваг энэ тэр гээд, нөгөө алтан цөгц, гал гарч ирж байна. Ерээд оны эхэн үеийнх шиг нисдэг тавганд суулаа гэх маягийн юм эхэлж байна. Бурханаар бөөлжөөд биднийг гайхшруулаад эхэлж байгаа юм биш үү. Лам нар маань, олон түмэндээ зөвшөөрөгдсөн шашны зүтгэлтнүүд маань ийшээ хандуулж үг хэлэхгүй юм аа. Аливаа салбарыг толгойлж байгаа толгой өөрөө юм тоохгүй, төвшин хүн байхад тухайн салбар өөрөө төвшин явдаг л даа. Гэхдээ үр дагавар сонин илэрч байна. Та өөрөө энэ гаарсан юмнуудыг зөнд нь орхиод, бурханы шашнаар аяндаа тэгширнэ гэдэг онолоо бариад хаячихаад байна уу даа. Эсвэл ерөөсөө тэгэх ёстой юм уу? 

-Бид тийм илрэл болгонтой тэмцэхэд инээдэмтэй. Тэрийг үүсгэн бий болгоод байгаа сэтгэхүйтэй л тэмцэх хэрэгтэй. Боловсролтой, сэхээтэн лам нар маань тийм юмтай тэмцэж байгаа. Энэ гарч ирж байгаа, илүү дутуу юмнууд лам нарыг ч дүвчин байдлаас салахад их тусалж байна. (инээв) Тэд шашныг өөрөө ойлгосон, хачин өндөр түвшинд ойлгосон. Тэр ойлголтоос үүдээд тэдний арилжааны маягтай хоосон нүүдэл нь нүдэнд харагдаж байгаа юм аа. Монголчууд тэнэг биш юм. Хэцүү ааш аяг байгаа ч гэсэн үндсэн юман дээрээ сууж үлддэг ийм ард түмэн юм байна шүү дээ. Ийм ард түмнийг ямар ч цагийн саалт урвуулахгүй. Амар биш. Амар биш учраас өнөөдөр шашин нь төр засаг, бизнес бусад юмнаасаа хараат биш ингээд байгаад байна л даа.
Өө, Ганаа минь, монголчууд хятадыг өшиглөөд, оростой зодолдоод нэмэргүй. Энэ хувь заяагаа ойлгочихсон.
Ойлгочихсон учраас ерөөсөө хүн төрөлхтний үндсэн юмнаас, ялангуяа шашиндаа ханддаг соёлоо хаяагүй юм шүү. Нийгмийн өөрийнхөө ухааныг, арга эвийг олох жор гэж байдаг. Тэр зохицлоор л явна. Ухаалаг, дотоод сэтгэхүй нь эв зохицолтой байх шаардлагатай гэдгийг манай ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
-Бид өөрсдөө Ганданд ороод ирэхдээ л зөнгөөрөө гэмээр тийм далдын увидасандаа захирагдаад л явчихдаг. Шашнаа хар аяндаа хүлээж авдаг.Гэхдээ энэ нь нэг тийм зөнгийн шинжтэй. Энэ л таалагдахгүй байгаа юм. Уншуулж байгаа номныхоо утга учрыг мэдэхгүй байна. Ноднин зун Баянхонгорт очиж буддын шашны гол номуудыг тайлбартай уншуулж үзлээ. Үнэхээр гайхалтай санагдсан.

-1934 оноос хойш манай шашин уламжлалаа алдсан. Гэнэтхэн ард түмэн боловсроод, сүсэгтнүүд боловсролтой болоод ирэхээр асар их юмыг шаарддаг болсон. Сүсэгтэн олны шаардлагаар асар олон номыг бид орчуулсан. Бид тасралтгүй ажиллаж байгаа.

-Лам нарт интернэт орчин хязгаарладаг уу?
-Ер нь ордог юм шиг байгаа юм. Монгол бол ардчилсан орон. Гэхдээ бид хурлын үеэр хязгаарладаг.
-Ер нь бол хориглох ёстой юу?
-Бусад газар хориглодог. Манай гандан одоохондоо хатуу хориглоогүй байгаа.
-Лам нар тэтгэвэрт гарах гэсэн ойлголт байдаг уу?
-Бүх насаараа ажиллана.
-Хүмүүсийн сонирхолд байдаг нэг сэдэв бол X Богдтой хамааралтай асуудал. Улс төр, нам, бизнесийн бүлэглэлүүд Энэтхэгт төгссөн хүүхдүүдийг авч ирээд хоорондоо өрсөлдөж байгаа гэх. Ийм хачин яриаг ултайхан сонссон. 
-Тэр худал байхаа. Багш минь таалал төгсөөд гурван жил болж байна. Гурван жилээс дотогш л хүн ирнэ. Бизнесийн бүлэглэлүүд Богдыг яах ч юм билээ. (инээв) Инээдэмтэй худлаа яриа байх. Яагаад гэхээр хоёр, гурван настайдаа тодорно. 20 жил хүмүүжнэ, номоо үзнэ, ажилдаа орох болоогүй шүү дээ. Ер нь бол тодроогүй байгаа. Магадгүй энэ цагийнхантай хамаагүй ч байж магад.
-Далай багш ойрхон манайд залрах болов уу?
-Багшийг залах хүсэл байнга л дүүрэн байдаг. Багш маань настай болж байна, олон зүйлийн шалтгаанаас болоод одоохондоо залж чадахгүй байна.
-Далай багш сүүлийн үед сүсэгтнүүддээ шүүмжлүүлдэг нэг юм нь юу вэ гэхээр шүтдэг улсуудаа миний айлдвараасаа Шүгдэн шүтдэг нь гар гэдэг шуугиан тарьсан. Үүнээсээ болоод Далай лам өөрөө дарангуйлагч, ялгаварлагч байна гэх шүүмжлэл дэлхий нийтэд тархсан. Та харин энийг яаж харсан бэ?
-Би Далай багшийн шавь юм шүү дээ. Шавь хүний хувьд багшдаа олон юм хэлж чадахгүй дээ. Багшийгаа шавь нь шүүдэггүй. Чи багшийгаа шүүхгүй биз дээ.
-Баярлалаа, уучлаарай. Нүүр буруулагч хэмээх мичин жил гэдгийг хүмүүс жаахан айдастай л угтах гээд байх шиг?
-Мичин жил сайхан жил гарч байгаа. Ерөнхийдөө монголчуудын амьдралыг аваад үзэхэд амьдрал ахуй сайхан болж байгаа. Сэргэлэн нүүдэлчин ард түмэн хурдацтай сэтгэдэг учраас энэ сайхан Монгол орон маань босч байна. Байшин хороолол, засмал зам гээд гадны орноос ялгахааргүй сайхан хөгжиж байна. Би нэг л юм хэлье. Бие биенээ хайрла. Өөрсдийгөө зүхэхээ боль. Амны билэг гэж байдаг юм шүү даа.
-Сонгуулийн жил болохоор үймээн, самуун гарах вий гэсэн айдас байна. Өмнөх 2008 оны түүх бид нарт байна. 
-Бид ухаантай байх цаг юм аа. Бие биенээ дотно нүдээр харах цаг. Нухацтай сонголт хийх цаг ирчихлээ. Нэг их савлах хэрэггүй. Их савласан ард түмэн зовдог юм шүү. Төр төвшин байж ард түмэн тайван налгар байдаг юм. Гэхдээ гадагшаа савлах хэрэггүй дээ. Дотогшоо эргэ. Хоёр намаа зүхээд л байх нь юу юм бол доо. Юуг, хэдэн жил засч, хэнд яаж хүргэдэг юм бэ. Ухаантай бай. Шинэ, айхтар савчсан юм хэрэггүй дээ л гэж хэлэх байна даа.
Олны хайртай Чой хамба.Тэрээр цагийн аяст саатдаггүй. Тэр зүрхтэй. Түүний зүрхийг Монгол гэж нэрлэдэг юм аа… Миний их хайртай хүн хэлж билээ. Чой удаан амьдраасай гэж. Би ч гэсэн тэгэж хүсч байна. Одоо Монголд маань түүн шиг гуйвашгүй ХҮН хэрэгтэй байна.

 

Б.Ганчимэг

Нийтлэлч сэтгүүлч