МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг энэ сарын 16-ны орой АТГ-аас баривчлан цагдан хорьжээ. Баривчилсан шалтгаан нь намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгтэй холбоотой гэж эх сурвалжууд онцолж байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Ө.Энхтөрөөс тодруулахад “Баривчлан шалгаж байгаа нь үнэн. Шалгаж буй шалтгааны талаар одоогоор мэдээлэх боломжгүй” гэв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 04-нд АТГ-аас ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг яаман дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь АТГ-ын алба хаагчид байцаалт авна гэж авч яваад цагдан хорьсон бөгөөд 500 гаруй сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь барьсан гэдэг. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авсны дараа санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг хорьсон нь олон хүний анхаарлыг татаад байна.
Б.Дэлгэр