02.18

З.Оргил: З.Түвшиндоржийг Хяналтын хорооны дарга болгосон шангаа нүдээрээ хүртлээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын 6 дугаар үүрийн дарга З.Оргил энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр МАН-ын Хяналтын хороон дарга З.Түвшиндоржид цохиулж, баруун нүдэндээ гэмтэл авчээ. Улаанбаатар хотод ирэн эмчүүлж байх үеэр нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-ДОРНОДЫН МАН-ЫНХАН ЗОДОЛДОЖ, НЭГИЙГЭЭ ХАРААГҮЙ БОЛГОХ ШАХЖЭЭ-

-Танай намын Хяналтын хороон дарга З.Түвшиндорж та хоёрын дунд маргаан үүссэнээс болж улмаар зодоонд гэдэг. Ямар шалтгааны улмаас таныг цохисон юм бэ?

-Энэ жил орон нутаг, Их хурлын сонгууль цуг болно. Үүнтэй холбогдуулан дээрээс үүрэг өгч, хурлаа хийх хуваарь гарсан. Хурлаар орон нутагт нэр дэвших боломжтой хүмүүсийн судалгааг авч байсан. Манай үүр 50 гишүүнтэй. Цагаан сар дөхчихсөн учраас хүндэтгэх шалтгаантай хэд, хэдэн хүн ирээгүй. Гэхдээ хурал хийх ирцтэй байсан. Тэгсэн  З.Түвшиндорж хоёр, гурван удаа орж гарсан. Тэгээд “Танай хурал хүчингүй ээ” гэж байна. Би ийм учраас хуралдах ёстой гэсэн тайлбар хэлсэн ч хүлээж аваагүй. Аймгийн Иргэдийн хурлын дарга н.Зоригтбаатар “Хүчинтэй, хүчингүй юу гэдгээ дараа нь хэл. Бид хийх ажлаа ярилцаж байна” гэхэд З.Түвшиндорж хэлэх, хэлэхгүй муухай үгээр хэлсэн. Тэгэхээр нь би “Чи албан тушаалыг нь хүндлэхгүй байж болно. Насыг нь хүндлэх ёстой” гэсэн чинь над руу дайрч эхэлсэн. Хараалын муухай үгээр хэлсэн. Хурал дуусаад гарахад шатан дээр зогсоод “Чи ингэж болохгүй” гээд бид ярилцаж байсан. Гэтэл над руу үгийн муухайгаар дайрч эхэлснээ гэнэтхэн л цохиод авсан. З.Түвшиндорж сур харвадаг болохоор гарынхаа шуундаа хүчтэй. Их хүчтэй цохисон. Нүдээ дараад, доошоо суусан чинь гарын салаагаар цус гоожиж байсан. Тэгээд Зоригтбаатар дарга цагдаа дуудсан.

-З.Түвшиндорж “Би цохиогүй, муухай үгээр ч хэлээгүй, өөрөө шатнаас унасан” гэх тайлбар хэлсэн байсан. Дараа нь тантай нь уулзсан уу?

-Кинон дээр гардаг шиг “Дэлгэр өөрөө л унасан юм байна лээ” гэдэг шиг юм ярьсан байна лээ. Би маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Тав хоногийн дараа над руу залгасан. Би аваагүй. Тэгээд эмнэлэг дээр тариа хийлгээд байж байхад ирснээ би “Би дөнгөж сая сонслоо” гэж байгаа юм. Аймгийн төвд мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Намайг наашаа онгоцоор нисэх гэж байхад ирсэн. Хажууд ирээд Зоригтбаатар даргыг буруутгаад байсан. Чи дундуур орсон, чиний буруу гэж хэлсэн. Хүний дургүй хүргэх гээд үгээр өдөөд байсан. Утасныхаа дуу хураагуурыг асаачихсан байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй юу. Хүний харцнаас андашгүй байдаг. Гэмшсэн харц, уур нь хүрсэн харц шал өөр байдаг. Бүр дургүй нь хүрсэн харцтай байсан. Би хол явах гэж байхад төвөг дөө гэж бодоод юм яриагүй.

-Танай нам дотор нэлээн бужигнаантай байна уу. Та хоёрын харилцаа ер нь ямархуу байсан бэ?

-Бид хоёр нэг төгсөлт. Бага ангидаа нэг анги байсан юм билээ. Гуравдугаар ангийнхнаа би сайн мэдэхгүй шүү дээ. Багаасаа хот руу шилжчихсэн. Бид хоёрын харилцаа муу байгаагүй. Анх Хяналтын хорооны дарга болохдоо надаас гуйж байсан. Аймгийн 31 дүгээр бага хурлаар хяналтын хорооны даргаа сольсон юм. Энэ үеэр З.Түвшиндорж надтай уулзсан. Тэрийг хэн ч дарга болно гэж бодоогүй байсан. Би хэлж байсан. “Чи сүүлд намд орж ирсэн. Наадуул чинь чамайг хүүхэлдэйгээ болгох гэж байгаа юм” гэж хэлсэн. Өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Чи манай хяналтын хорооны тэргүүлэгч болох уу гэж надаас асуусан. Би үгүй л гэсэн. Би үүрийн дарга нартаа хэлсэн. Үүний хүчинд Хяналтын хорооны дарга болсон. Би шангаа нүдээрээ хүртлээ.

-Одоо энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна уу?

-Би цохиулсан өдрөө мэдүүлэг өгсөн. Эмнэлэгт байхдаа бас өгсөн. Шүүх эмнэлгийн эмчид  үзүүлсэн. Байцаагч руугаа энд байхдаа ярьсан. Одоо энэ эмнэлгийн зургийг аваачиж өгнө. Тэгээд цагдаагийн байгууллага шийдэх байх.

-Нарийн мэргэжлийн эмч таны гэмтлийг юу гэж байна. Нүд эмзэг эрхтэн учраас муугаар бодоход дараа нь ямар нэгэн эмгэг илрэх вий?

-Дорнодын эмнэлэг сайн эмчилгээ хийсэн. Гэхдээ хот руу очиж нарийн шинжилгээ өг гэсэн. Энд ирсэн лазерийн болон ширхэнцэгийн аль нэг хагалгаанд орж магадгүй гэсэн. Нүд чинь хос эрхтэн учраас нөгөө нүдэндээ нөлөөлж магадгүй. Тархиндаа нөлөөлдөг гэсэн. Нүүрээ угаах гээд доошоо тонгойхоор хөндүүрлэж өвддөг. Тархиа үзүүл, битүү доргилттой гэсэн. Хүн бол нүдээрээ амьдарна. Нүдгүй бол хүний гарт ороод, хэцүү болно шүү дээ. Найз нөхөд, ажил төрөл юу ч үгүй болно. Би харааны шил зүүж үзээ ч үгүй. Одоо нүдний хараа хасах хоёр болчихсон байна гэсэн. 50 метрийн зайнд хүнийг танихгүй болчихоод байна. Нүдний хараа эрс муудаж байна. Эмч нар ч гэсэн хэлж байна. Яваандаа нөгөө нүдэндээ нөлөөлнө гэсэн.

-Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Хийлгэж байгаа.Сардаа нэг удаа ирж үзүүл гэсэн.

-Мэдээж наашаа, цаашаа явах унаа, эмчилгээний зардал гээд мөнгө их хэрэгтэй байгаа байх. Нөгөө талаас дэмжлэг байна уу?

-Тийм зүйл байхгүй. Би одоохондоо ажлаасаа гарчихсан байгаа болохоор мөнгө төгрөг хэрэгтэй л байна. Битүү доргилттой учраас машинаар явж болохгүй гэсэн. Онгоцоор маргааш /өнөөдөр/ явна даа. Ах, эгч нар, гэрийнхнийхээ халаасыг сэгсрээд л байж байна. Шүүх, цагдаад нэхэмжлэх гаргасан, шийдээд өгөх байх.

-Та хоёрын зодооны асуудлын дараа аймаг болон хотын намын удирдлагуудаас чинь ярьсан уу?

-Намайг эмнэлэгт хэвтэж байхад Төв намын Хяналтын хорооны дарга утсаар ярьсан. Намын нэр хүнд унагасан, эв нэгдлээ бодсонгүй гээд Түвшиндоржид уурлаж байсан. Арга хэмжээ авна гэж байна лээ. Намайг нүдээ сайн эмчлүүлээрэй гэж хэлсэн. Харин аймгийн намын хорооноос хэн ч утсаар яриагүй. Би тэднээс хоол горьдоогүй, эмийн мөнгө гуйгаагүй. Хэн ч яриагүй, мессэж ч бичээгүй.

-Хотоос энэ асуудлыг шийдэхээс танай намынхан Дорнод явсан гэсэн мэдээлэл байсан?

-Өнөөдөр явсан гэсэн. Сумдаар явах байх. Энэ асуудлаар очоод уулзаж ярилцах байх.

-Дорнодод улстөржилт их байна уу?

-Өмнө нь нам дотроо хэрэлддэг байсан бол одоо тэсэхээ болиод гадагшаа задарч байна. Энэ бүхний цаана Номтойбаяр гишүүн байгаа. Засаг дарга Бадамсүрэн, аймгийн намын хорооны дэд дарга Ёл, Чойбалсан хотын дарга Мөнхтөр /Уулаа/ нар НАМЗХ-ын хүмүүс. Бууны нохой гэж хэлнэ. Аймгийн намын хорооны нэр хүнд тамга, тэмдгээ булцаалдсанаар навс унасан. Одоо бүр уналаа.

 

Ж.ГАНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАЯР

Medee.mn