Монгол Улс 2014 онд нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36 хувийг эзэлж байна. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр компани хангаж буй юм. Тус үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулжээ. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган тонн зэсийн баяжмал боловсруулсан байна.
Түүнчлэн хүдэрт агуулагдаж байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх 23 хувьтай байна. Өнгөрсөн оны тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой компани 175.6 мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулжээ. Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр 462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол “Оюутолгой” 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулжээ. Үнэндээ шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон.
Дээрх тоо баримтаас харвал “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг бодвол алт, мөнгө, молибден, хүдэр зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард гишгэж байна. Үнэндээ “Оюутолгой”-н орд долоон “Эрдэнэт”, 45 “Бороо” нэг асгатын ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө Эрдэнэт үйлдвэрийг гүйцэхгүй л явна. 1963 онд Монгол, Зөвлөлт, Чехословакийн хайгуулчид зэс молибдены ордыг нээснээр Монголчуудын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсныг бид мартаагүй.
Энэ хоёр үйлдвэрийн үйл явц нийгмийн өгөөжийг бүтээн байгуулалтаас нь харж болно. Эрдэнэт үйлдвэрийг дагаад хот бий болсон бол таван жилийн хугацаанд Оюутолгойд гэр кэмпээс өөр зүйл алга. 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд “Эрдэнэтийн овоо орд” газрыг түшиглэн Эрдэнэт үйлдвэр байгуулах гэрээ хэлэлцээрийг алсын хараатай улс эх орноо бодож хийсэн нь эдүгээ монголчуудад өгөөжөө өгсөөр байна.