“Ардын нам-Алтжин-Батаарын музей” гэх гурвалжин маргаан анхан шатны шүүхэд “уяатай” хэвээр сонгуультай золгох нь тодорхой болжээ. Анх Лениний музей байсан төрийн өмчийг Ардын нам эрх барьж байх хугацаандаа өөрийн болгосон.
Хууль бусаар авсан гэсэн үг л дээ. Тэгвэл “Үлэг гүрвэлийн төв музей”-г оруулах олон шатны шүүхийн тогтоол, ТӨХ-ны шийдвэрээр арга буюу суллаж өгөөд жил тойрч байна. Төр өмчөө нэхэж байхад зүгээр ч нэг өгчихөөгүй. Удтал заргалдаж, шүүхдэж, хуралдаа очихгүй хойшлуулж, давж заалдаж юм юм л болсон. Тэгвэл “Т.Батаар”-уудад байраа суллаж өгсний дараахан бас нэг асуудал гарч ирсэн. Тэр нь тус байрыг газрынх нь хамтаар “Алтжин” компанийн захирал Г.Алтжинд барьцаалж, нэг сая ам.доллар зээлчихээд өрөө төлж чадахгүй байгаа гэх. Одоо “Т.Батаарын музей”, Г.Алтжин хатагтай хоёрын хооронд өмчлөлийн асуудал шүүхээр яригдаж байгаа гэсэн үг.
Уг нь бол Лениний музейн байрыг төрийн өмчид үндсэн хөрөнгө бүртгэн авч, эзэмшүүлэх тухай ТӨХ-ны 2014 оны тавдугаар сарын 8-ны 280 тоот тогтоолд “Музейн зориулалттай энэ байрыг төрийн мэдэлд авч ССАЖЯ-ны харъяа Үлэг гүрвэлийн музейд шилжүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн. Үлэг гүрвэлийн музейд олгосон Улсын бүртгэлийн 000050415 тоот гэрчилгээн дээр эзэмших хугацааг “хугацаагүй” хэмээн тодотгожээ.
Гэтэл музейн байр МАН-ын Г.Алтжингаас зээлсэн өрийн барьцаанд байдаг. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн “Т.Батаарын музей”-н нэхэмжлэл анхан шатны шүүхийн босгыг давж хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон ч өнөө хүртэл ямар нэгэн шийдэл гарсангүй. Тэгвэл асуудлыг анхан шатны шүүх дээр “уяатай” хэвээр байлгаж байгаад сонгууль өнгөрөөж ч магадгүй бололтой. Мөн Г.Алтжин хатагтайн оффис “Тусгаар тогтнолын ордон”-д нүүж ирсэн нь ч нэгийг хэлээд байх шиг.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин