Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хөдөлмөр эрхлэгч хүүхэд, зорилтот бүлгийн хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний талаар өчигдөр мэдээлэл хийв. Өнгөрсөн онд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар төрийн бус байгууллагатай хамтран нийслэлд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоон судалгаа гарсан байна. Судалгаагаар нийслэлд бичиг баримттай буюу бүртгэлтэй 217, бүртгэлгүй 1000 гаруй бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлдэг дүн мэдээ гарчээ. Бүртгэлгүй хүүхдүүдийн дийлэнх хувь нь, Улаанчулуутын хогийг цэг дээр амьдардаг аж. Эдгээр хүүхдийн70 гаруй хувь нь жижиглэнгийн бараа зарах, зах дээр тэрэг түрэх, ачаа зөөх, буулгах, гудамж, талбайд гуйлга гуйх зэргээр хөдөлмөр эрхэлдэг байна. Түүнчлэн сүүлийн үед унаач хүүхдийн асуудал хөндөгдөж байгааг тэд онцолж байсан юм. Өнгөрсөн онд эдгээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дунд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өсвөр насныхныг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв/ МСҮТ/-ийн аялал зохион байгуулсан байна. Улмаар хоёр хүүхэд МСҮТ-д суралцаж, есөн эцэг, эхийг ажлын байранд жуучилжээ. Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Шуурхай үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цоожбаяр“Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн насыг авч үзвэл 3-8 нас болон өсвөр насныхан байдаг. Эцэг, эхчүүд хоёроос дээш насны хүүхэдтэйгээ хамт хуванцар сав цуглуулж, хог түүдэг. Энэ тохиолдолд тухайн хүүхдийг хөдөлмөр эрхэлж байна гэж үздэг. Харин гуйлга гуйж буй хүүхдүүдийн хувьд эцэг нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй айл өрхийн хүүхдүүд багтдаг. Мөн хөдөлмөр эрхэлдэг атлаа орон гэргүй айл өрхөд гэр олгох зэрэг материаллаг үйлчилгээ үзүүлсэн” гэв.
