Өчигдөр орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар нутгийн иргэд мэдээллэв. Иргэдийн мэдээллэж буйгаар нэлээд хүчтэй доргилт мэдрэгджээ. Ялангуяа орон сууцанд амьдардаг иргэдэд илүүтэй мэдрэгдсэн гэх бөгөөд гэрийнх нь тавилганы хаалга онгойж, ор хүртэл байрнаасаа хөдөлсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичсэн байв.
Тус аймагт сүүлийн жилүүдэд ийм хүчтэй газар хөдлөлт мэдрэгдээгүй бөгөөд арваад жилийн өмнө л мэдрэгдэж байсан юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ховд аймагт мөн бага хэмжээний газар хөдлөлт мэдрэгджээ. Өчигдөр оройн байдлаар газар хөдлөлт хэдэн магнитудын хэмжээтэй байсан гэдэг нь тодорхойгүй байсан бол өнөөдөр өглөө тус аймгийн онцгой байдлын албанаас албан ёсны мэдээлэл өглөө. Тодруулбал Увс аймагт орон нутгийн цагаар 23 цаг 32 минут 22 секундад Тариалан сумаас баруун хойд зүгт 13 км-ийн зайд 4.11 магнетудын газар хөдлөлт болсон нь ийн мэдрэгджээ.
www.medee.mn
Б.ЦЭЛМЭГ