03.10

Таван хувийн хүүтэй ОРОН СУУЦНЫ зээлийг энэ сарын 15-аас эхлэн олгоно

Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж тав болгох эхний шатны журмыг баталсан.

Тус журамд: Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Монгол Улсын 21 аймгийн иргэд орон сууц авах болон өмнө нь орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан бол таван хувь болон бууруулахаар заажээ. Өөрөөр хэлбэл хотын агаарын бохирдол, төвлөрлийг сааруулах зорилгоор баригдсан гэр хороололын барилгажилт, шинэ суурьшлын бүсэд байр худалдан авах иргэд эхний ээлжинд таван хувийн хүүтэй зээл авах боломжийг олгож байгаа юм.

Харин тус журамд хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан. Харин албаны хүнээс энэ талаар тодруулбал, “Засгийн газрын журам батлагдсаны дараа зорилтод хэсгийг таван хувьд хамруулах бэлтгэл ажил хийгдээд дуусч байна. Ингээд журамд заасан нөхцлийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ” гэсэн юм.

Эхсурвалж: www.medee.mn

Т.БАТСҮРЭН