03.11

Д.Одбаясах: ”Big Apple”-д Европын алдартай жүжигчидтэй ажиллаж байсан

Тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөр, гоо сайхны нэгдэл болсон уран нугаралтаар олон жил хичээллэж, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа Д.Одбаясахтай ярилцлаа.

-Та уран нугаралтаар хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Би12 настайдаа уран нугаралтын тоглолт үзсэн юм. Нугараач охины үзүүлбэр надад маш их таалагдаж, түүн шиг нугарч сураад, тайзан дээр гарахыг хүссэн. Тухайн үед Эрдэнэт хотын Соёлын ордонд уран нугаралтын дугуйланд хүүхэд шалгаж авч байгааг сонсоод шалгуулаад тэнцсэн. Улмаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Дэлгэрцэцэг багшийн шавь болж, уран нугаралтаар хичээллэснээс хойш16 жил өнгөрчээ. Бага ангид байхад биеийн тамирын багш“Их уян юм аа” гэж хэлдэг байсан нь намайг уран нугаралтад сонирхолтой болоход нөлөөлсөн.

-Уран нугаралтаар хичээллэхийн сайхан бас хэцүү нь юу вэ?

-Урлагийн энэ төрлөөр хичээллэснээр би олон газраар аялах боломжтой болсон. Мэдээж, нуруу цэх, өв тэгш биетэй байгаа нь энэ урлагийн ач. Хамгийн гол нь эх орныхоо нэрийг дэлхийд сурталчилж байна. Америкт томдоо тооцогддог “Big apple” циркт Европын алдартай жүжигчидтэй ажиллаж байхад би ганцаараа ази хүн байсан. Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлчихээд эргэж формдоо ороход хэцүү байдаг. Хүүгээ төрүүлсний дараа надад яг тийм зүйл тохиолдсон.

-Та өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Өдөрт нэг удаадаа гурваас дөрвөн цаг бэлтгэл хийдэг. Шаардлагатай тохиолдолд өглөө, орой бэлтгэл хийх үе бий. Долоо хоногийн нэг өдөр амардаг.

-Гадаадын олон тоглолтод оролцож байв уу?

-Би16 настайгаасаа гадаадад аялан тоглолтоор явж эхэлсэн. Эргээд бодоход 10 гаруй жил гадаадад уран нугарсан байна. Англи, Америк, Итали, Швед, Австри, Испани, Швейцарь, Египет, Грек, Монте Карло, Норвеги, Дани, Финланд зэрэг 20 гаруй орноор аян тоглолтоор явж байлаа. Эдгээр орны дэлхийд гайхагдсан сор барилга, урлагийн бүтээл, түүх дурсгалыг нүдээр үзсэндээ баяртай байдаг. Америкийн хамгийн том гурван циркийн нэг “Big Apple” циркт ажиллаж байсан. Мөн дэлхийд алдартай “Мерседес Бенз” шоуны нээлтэд оролцлоо. Тэдгээрээс Европын усан онгоцон дээрх аялан тоглолт хамгийн сонирхолтой байсан.

-Та хамтарч ажиллах газраа яаж сонгодог вэ?

-Надтай хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүс эхлээд холбоо барьдаг. Бас би ажиллахыг хүссэн газар руугаа холбогдох тохиолдол ч бий. Хэдэн долоо хоногоос хэдэн жил хүртэл хугацаатайгаар гэрээгээ бай-гуулдаг. Шоуны үргэлжлэх хугацаа, зохион байгуулж буй орноосоо хамаараад цалингийн хувьд өөр. Залуу байгаа дээрээ олон газраар явж, ихийг сурч авах хэрэгтэй гэж боддог. Намайг хүүхэд байхад багш зуучилж өгдөг байсан. Насанд хүрээд өөрөө гэрээгээ хийдэг болсон. Тун удахгүй Англи руу нэг жилийн хугацаатай тоглолтоор явна. Тэнд очоод орчин, нөхцөл нь таалагдвал гэрээгээ сунгаад ажиллана гэж бодож байгаа.

-Уран нугараачид нүүрээ их гоёмсог будсан харагддаг. Тоглолтын хувцас, нүүр будалтаа өөрсдөө хийдэг үү?

-Нүүр будалтаа өөрөө хийдэг. Хүмүүс “Та нар байнга нүүр будагчтай явдаг уу, ямар гоё буддаг юм вэ” гэж их асууна. Тоглолтын хувцсаа захиалгаар хийлгэдэг. 15 жил нугарахдаа 20 орчим тоглолтын хувцастай болжээ. Өмсч байсан хамгийн үнэтэй хувцас 1500 ам.долларын үнэтэй.

-Монголд тоглох, гадаадад тоглохын ялгаа юу вэ. Гаднынхан таны үзүүлбэрийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Мэдээж, ялгаа байлгүй яахав. Уран нугаралт бол Монголын үндэсний урлаг. Манайх хүн ам цөөтэй учир шоу бизнес хөгжих арай болоогүй байх. Монголд олон тоглолтод оролцож байгаагүй. Харин гаднынхан уран нугаралтыг их өндрөөр үнэлж, гайхаж хүлээж авдаг. Нейл Харрис Патрик, Брюс Велс зэрэг олон алдартан миний үзүүлбэрийг үзээд тайзны ард ирж баяр хүргэж байсан. Бас “Та нар үетэй юм уу, барьж үзэж болох уу, гарын үсэг авч болох уу” гэхчлэн асууж, хамт зургаа авахуулахыг хүсдэг. Тэр үед өөрөөрөө, Монгол орноороо бахархах сэтгэл их төрдөг. Тийм үед хүн бүр хийж чаддаггүй нугаралтыг зааж сургасан багшдаа их баярладаг. Хэрвээ багш маань очиж уран нугаралтын хичээл заагаагүй бол Эрдэнэтээс ямар ч нугараач төрөхгүй байсан болов уу.

-Гаднынхан монголчуудын талаар ямар төсөөлөлтэй байдаг юм бол?

-Үзүүлбэр үзсэн хүмүүс хаанаас ирснийг их асууна. “Би монгол хүн” гэхээр шууд л “Чингис хааны Монгол уу” гээд их найрсаг ханддаг. Гаднын хүмүүс Монголыг их судалдаг нь надад мэдрэгдсэн. “Би монголд очсон. Надад маш их таалагдсан” гэж олон хүн хэлж байлаа. Манай түүх, соёлын талаар муухан монгол хүнээс дээр мэдлэгтэй хүнтэй ч таарч байсан шүү. Хамтарч ажиллаж байсан франц жүжигчин гэхэд л монгол гэр бариулсан, тэндээ амьдардаг байлаа. Гаднын хүмүүсийн хамгийн ихээр сонирхлыг татдаг зүйл нь монгол гэр, хөдөө тал юм шиг санагдсан.

-Гадаадад олон жил болоод Монголд ирэхээр өөрчилмөөр санагддаг зүйл их л байгаа байх даа?

-Хувь хүний ухамсрын ялгаа харагддаг. Залуучууд нь том жийп машин уначихаад цонхоороо хогоо чулуудчихдаг. Тэгтэл дөрвөн настай жаахан хүүхэд хогоо хогийн саванд хийдэг. Насанд хүрсэн хүн хүүхдээс дор ухамсар, соёлтой байгааг хараад их гайхдаг шүү. Хогоо хогийн саванд хийх зэрэг энгийн зүйлээс улсын хөгжил эхэлдэг юм болов уу гэж боддог.

-Хэрвээ та уран нугаралтаар хичээллээгүй бол юу хийх байсан бол?

-Иогийн багш, эсвэл нүүр будалтын чиглэлээр ажиллах байсан болов уу. Мөн загвар зохион бүтээх чиглэлээр сурна гэж бодож байгаа. Уран нугараачдын хамгийн чухал зүйл нь нуруу байдаг. Сүүлийн үед ачаалал ихэдсэн үед нуруу өвддөг болсон. Цаашид хэдий хүртэл нуруу өвдөхгүй, нугарах боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ ойрын гурван жилдээ уран нугараачаараа ажиллана гэж бодож байгаа.

-Урлагийн хүнд гэр бүлийн дэмжлэг, туслалцаа их чухал байдаг байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. Би таван хүүхэдтэй айлын дундах нь. Аав ээж минь “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулагдахаас нь эхлээд, насаараа ажилласан хүмүүс байдаг. Намайг төрүүлж, өсгөж, бүх талаар дэмждэг ээж аав, гэр бүл, хүүдээ, хамаатан саднууддаа маш их хайртай, баярлаж явдаг. Мөн уран нугаралтын хичээлийг зааж, зөвлөсөн багшдаа маш их баярлалаа. Тэдний итгэл хайр, дэмжлэгийн ачаар би өдий зэрэгтэй явж байна.

 

Ц.Гэрэлтуяа

www.unen.mn