03.12

Хэн юу хэлэв

Б.ЛХАГВАСҮРЭН: ХҮНИЙ ЭРХЭЭРЭЭ ХЭЗЭЭ Ч ТОГЛУУЛАХГҮЙ ШҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Ерөнхий сайдад хандан, захидал хүргүүлснээ энэ сарын 9-нд мэдэгдлээ.

Тэрбээр захидалдаа “...Ноён Ерөнхий сайд аа, жирийн нэгэн тэтгэвэрт суудаг өвгөн танд хандаж байна. Энэ захидлыг “та” уншихаас өмнө ард түмэн уншиг гэж бодлоо... Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо... Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв.

Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй... гэсэн “лүндэн” бололтой юм... Энэ “лүндэн”-гээ аймаг, хот, сумдын Засаг дарга нарын газарт “буулгасан” бололтой... Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү.

Та нарын “хөл” чинь хүний эрхийг гишгичихээд, “ам” чинь хүний эрхийг дээдэлдэг... Та энэ “лүндэн”-гээрээ хүний эрхийг хорлонтой зөрчлөө... АСЕМ-ын томчуулд Монголын ард түмэн муухай харагдана гэж айгаа юу.

Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье.

Ард түмнээсээ ичиж байна уу. Тэгвэл “та” монгол хүнгүй Монголд АСЕМ-ын хурлаа хий л дээ. Тарган цатгалан, өнгө зүс, хувцас хунар сайтайгаараа зөвхөн та нар л монгол хүн, монгол амьдралын өнгө болох ёстой юу. Та нар дэлхийд битгий хэл Монголдоо, Монголоо төлөөлж “чаддаггүй” шүү дээ. Монголчууд дэлхийд гологдоогүй ард түмэн шүү. Энэ шийдвэр гаргах болсондоо алиг шалигхан олон шалтаг хэлнэ дээ. Та нар замын түгжрэл, хэт бөөгнөрөл эмх замбараагүй байдал гээд л их юм ярина.

Гэмт хэрэг, аливаа ёс бусад өртөж, эрхээ эвдүүлээгүй ард түмэн, гэртээ хоригдох, нийслэлдээ ирэх эрхээ хасуулах, зайлан дүрвэх тушаал эдлэх ёсон байхгүй. Агуу дээдэс, бурхад мориллоо ч ард түмэн амьдралаараа амьдарч, хэвийн эрхэт амьдрал орчиж л байх учиртай... Монголчууд эзэрхийлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж байсан болохоос элэгсэг, төрт ёсны зочиндоо сүүдэр ч хүргэж байгаагүй ард түмэн... хүргэх ч үгүй. Төрт ёсны хичээлийг дэлхийд заасан ард түмэн шүү.

Та нар тэнэглэх зав яасан их юм бэ. “АСЕМ-ын өдөр” нэртэй том уулзалт сая боллоо... Монголд дизайны урлагт /зохиронгуйн урлагт/ мэргэшсэн хүн мөн ч олон бий дээ. Улсуудын далбааг алсын хаяагаар нь цухуйлгасан, угаасан хувцас хатааж байгаа юм шиг тайзтай хурал хийлээ... Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгч мориллоо шүү дээ. Монгол төрт ёсны хүндэтгэл тавьсан сандлаас, зассан чимэглэлээс хүртэл эхэлнэ... Ерөнхийлөгч тэнд ярихдаа, зочид буусан өргөөнөөсөө гарахад Монголын мах, бууз үнэртэж байх тухай ярилаа.

Энэ ч яах вэ /энгийн байхын хэтийдсэн халил/ байсан биз гэе. Эндээс ургуулан бодоход хөдөө, хотын хүн харагдаж болохгүй, мах буузны үнэр бол болох нь. Тэгэхээр мах буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь... Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье. Өөрсдөөрөө тоглуулах эрхийг ард түмэн та нарт өгчихсөн. Гэхдээ хугацаатай. Харин хүний эрхээрээ хэзээ ч тоглуулахгүй шүү... Эрхэм Ерөнхий сайд аа” хэмээн бичжээ.

С.ЭРДЭНЭ: БИ ИРГЭНИЙ ШУГАМААР НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ШҮҮХЭД ХАНДСАН

 ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Б.Баабар нарын дунд үл ойлголцол үүсч, шүүхийн хаалга татах дээрээ хүрчээ. 

Тодруулбал, нийтлэлч Б.Баабар өөрийн цуглуулсан баримт материалыг үндэслэж, нийгмийн даатгалынхны хууль бус үйлдэл болоод салбарыг сайдын факт баримт хэмээн нийтлэлдээ дурдсан нь асуудлыг ийм дээр нь хүргэсэн юм. Гэвч энэхүү нийтлэлийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ор үндэсгүй гүтгэлэг хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ асуудлын талаар “Нийтлэлч Баабар намайг удаа дараа зүй бусаар бичсэн, доромжилсон. Янз бүрийн байдлаар гүтгэсэн. Би хууль хяналтын хүрээнд нэр төрөө сэргээлгэх зорилгоор шүүхэд хандсан. Ямар нэгэн эд материал нэхэмжлээгүй.

Монгол Улсын иргэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог. Шүүх тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай мэт ярьж, янз бүрээр доромжлох эрх байхгүй. Тиймээс иргэн хүний халдашгүй эрх болох нэр төрд нь жирийн сэтгүүлчээс эхлээд улстөрч хүртэл халдаж болдоггүй юм.

Өнөөдөр бий болгосон ардчилал, шударга ёс, хүний эрхийг далимдуулаад дураараа доромжилж болно гэж бодож байгаа бол үгүй. Тиймээс би иргэний шугамаар нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагынханд хандсан.

Хууль хяналтын байгууллага өөрсдөө шийднэ биз. Надад энэ асуудлыг хөөцөлдөөд явах зав алга. Хоёрдугаарт, сонирхол ч алга. Тэр хүн үүрэг хариуцдагаа мэдэж бичээ байлгүй. Тайлбараа өгнө биз. Надад бол энэ асуудалд оролцоод, араас нь хөөцөлдөөд, яваад байх зав алга” гэх тайлбарыг өгчээ.

С.БЯМБАЦОГТ: МАХН ХАМТАРЧ СОНГУУЛЬД ОРЪЁ ГЭВЭЛ ТАТГАЛЗАХГҮЙ

 

Сонгуулийн уур амьсгал хэдийн орж, намууд хэнтэй эвсч, ямар тактик боловсруулж сонгуульд оролцох вэ гэдгээ боловсруулаад эхэлжээ.

Тухайлбал, АН ИЗНН-д нэгдэх санал тавьсан бол MAH МАХН-ын нөхдүүд хамтарч “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэсэн нь тус хоёр нам нэгдэх нь гэдэг таамаг төрүүлсэн. Түүнчлэн дээрх хоёр нам нэгдэх асуудлыг өндөр настнууд нь дэмжиж байгаа гэх.

МАХН хэрвээ хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй. 

Ямартай ч одоогийн байдлаар иргэдийн дунд нэг иймэрхүү таамаг явж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл татгалзахгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг заалт Сонгуулийн хуулиас хасагдсан хэдий ч НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орсон.

Тэр утгаараа УИХ-ын тогтоо, гарсан байдаг л даа. Уг тогтоол, сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хууль, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт өнөө хэр хэвээрээ байгаа Ингээд үзэхээр нэг талаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Нөгөө талаар УИХ-ын гишүүн тус бүртгэл өөрийн эрх ашгаа хангахын тулд өөрт таалагдсан байдлаар хуулийн төсөл өргөн бариад байх юм уу. Их хуралд сууж байгаа 76 гишүүн чинь тус бүртээ ийм хууль өргөн баривал яах юм.

Тэгэхдээ хүрвэл би ч гэсэн 76 мажоритар тойрогтой болъё гэдэг хуулийн төслийг боловсруулъя гэж бодож байна. Хуулийн төсөл нь бараг бэлэн болсон байгаа. Сая болсон “Эх орончдын өдөр”-ийг хоёр нам хамтарч тэмдэглэсэн юм биш. МАН-ын баяр буюу “Эх орончдын баяр”-ыг гуравдугаар сарын 1-нд тэмдэглэсэн.

Өөрөөр хэлбэл, 1921 онд МАН байгуулагдсан. МАН байгуулагдсан төрсөн өдрийг МАХН хамтарч тэмдэглэсэн. Энэ бол МАН-ын баяр. Мөн манай зүгээс улс орны эрх ашгийн үүднээс эвсэж нэгдье, хамтаръя гэдэг саналыг тавьж л байна. МАХН хэрвээ хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй. Улс эх орныхоо том эрх ашгийг өмнөө тавиад явахад болохгүй зүйл байхгүй” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ.

Э.БАТ-ҮҮЛ: ОРЛОГЧ НАРАА АЛБАН ҮҮРГЭЭС НЬ ЧӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнөх талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Э.Бат-Үүлийг огцрохыг шаардаж, энэ сарын 09-нд хэсэг иргэд жагссан. Тэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Э.Бат-Үүл даргыг орлогч нараа цөөлөхийг хүсч, зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байгаа нь энэ юм.

Түүнчлэн Хотын дарга Э.Бат-Үүлийг огцрохыг шаардсан гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд тэд албан шаардлагаа Хотын даргад хүргүүлсэн байна. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эдгээр иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй ингэж ойлгож байна. Хуулийг хэрхэн харж, яаж тайлбарлах нь тэдний эрх.

Хотын удирдлагууд УИХ, Засгийн газраас баталсан хууль, журмын дагуу ажиллаж байгаа. Зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга төгрөг байдаг. Бид 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Тиймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

Монголын мэдээ