03.12

Машиныхаа толийг алдсан иргэдтэй холбогдож байна

БЗД дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр нийт 30 орчим удаагийн үйлдлээр орон сууцны хорооллын авто зогсоолуудаар тавьсан "Тоёота Приүс-20" маркийн автомашины толь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн саатуулан шалгаж байна. 

Дээрх гэмт хэргийг Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 19 настай Э, М нар үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод байгаа юм. Уг этгээдүүд нь хулгайн замаар олсон "Тоёота Приүс-20" маркийн автомашины толийг "Авто сэлбэг зарна" гэсэн фэйсбүүк хаяг нээж иргэдэд 150.0-180.0 төгрөгөөр худалддаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. 

Иймд 2016 оны нэгдүгээр сараас хойш Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Тоёота Приүс-20" маркийн автомашины толио сууриар нь алдсан иргэд байвал БЗД дэх цагдаагийн II хэлтсийн 80800137, 88220023 дугаарын утсанд холбогдоно уу? 

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн автомашинаа харуул хамгаалалттай, зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суурилуулж, эд хөрөнгөө аливаа гэмт хэргийн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, интернэтэд тавигдсан зах зээлийн ханшнаас доогуур худалдан борлуулж байгаа эд зүйлийг худалдан авахдаа сайтар шалгаж, эх сурвалжийг нь судлаж, худалдан авахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Эх сурвалж www.wikimon.mn