03.15

Малчид эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан бол 10 хувийн хүүтэй зээл авна

Төрийн банк гуравдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн малчдад жилийн 10 хувь, сарын 0.8 хувийн хүүтэй зээл олгож эхлэх гэж байна. Энэхүү зээлийн тухай Засгийн газар, Ерөнхий сайд биш УИХ-ын дарга ярьж яваа.

Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газраас гаргаж байгаа билээ. Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкинд 3 хувийн хүүтэй зээл хэлбэрээр олгохоор болсон тухай УИХ-ын дарга З.Энхболд мэдээлсэн.

10 хувийн хүүтэй зээлийг авах малчдад данстай байх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байхаас гадна малаа эрүүл байлгах гэсэн гурван үндсэн шаардлага тавьж байгаа гэнэ.

Малчид 100-500 бог малтай бол 2.5 сая төгрөг хүртэлх зээлийг 12 хүртэл сарын хугацаатай, 500-аас дээш бог малтай бол 5 сая төгрөг хүртэлх зээлийг 18 хүртэл сарын хугацаатай авч болох юм байна.

Үүнээс өмнө Засгийн газрын хоёрдугаар сарын дөрөвний өдрийн тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17 мянга 411 малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулсан.

Ийнхүү малчид 10 хувийн хүүтэй зээл авч эхлэх нь ээ.

www.gereg.mn

П.Дорж