Монголын хамгийн өндөр өртөгтэй эмнэлгүүдийн нэг бол яах аргагүй “Интермед” эмнэлэг. Гадаадад эмчлүүлэх урсгалыг багасгахын тулд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг, Дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэхийг зорилгоо болгосон, анхны америк менежменттэй эмнэлэг гэх сүржин сурталгаагаа хэвлэлээр хахаж цацтал нь цацаж, орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж,

үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг хэмээн иргэдийн халаасыг хоосолж, тархийг нь угаадаг энэ эмнэлгийн дөрөвхөн сартай охины ханиадыг ч эмчилж чадахгүй, тавьсан уян зүү судаснаасаа сугараад гурав хоног болсоныг ч мэдэхгүй хөлийг хавтагажээ.

Энэ талаар дөрвөн сартай охины ээж Д.Нандинцэцэг “Ханиадтай гэсэн оноштойгоор ирж хэвтээд дөрөв хонож байна. Хэвтсэнийхээ маргааш хүүхдийнхээ хөлөнд уян зүү тавиулаад хоёр тариа хийлгэсэн. Тэгсэн чинь өмнөхөөсөө их уйлсан. Тэгэхээр нь би сувилагчаас нь “Уян зүүтэй хэрнээ яагаад уйлаад байгаа юм бол. Гайгүй байгаа” гэхэд “Хүн юм чинь мэдрээд уйлж байхгүй юу” гэж хариулсан. Гурван цаг хэртэй үргэлжилсэн дуслаа дуустал уйлсан. Оройных нь тариаг хийхэд бүр шээс алдаж уйлаад байхаар нь сувилагч унтуулдаг тариа хэд, хэдийг хийж байж унтуулсан. Хэд, хэд гуйсны эцэст үзүүлсэн чинь цээж хэсгийг нь үзэж, чагначихаад “Зүгээр байна” гээд гарсан. Гэтэл өчигдөр тариа хийсэн сувилагч нь харчихаад “Танай охин арай өөр уйлаад байна аа” гэсний дагуу дахин нягталж үзэхэд уян зүү нь сугарсан байхыг мэдэж, мулталж авсан.

Тэгэхээр өмнөх хийсэн бүх дусал, тариа нь судсаар нь дамжилгүй арьс, махных нь дундуур орсон гэсэн үг. Хөл нь одоо хавдчихсан байгаа биз дээ (үзүүлэв). Бүх шингэн нь судсаараа биш арьс, махных нь завсраар гүйсэн болохоор ингэж хавдахаас ч яахав дээ. Зүүг нь авсны дараа хэсэг хугацаанд хүйтэн жин тавьсан. Тэгсэн эмч нь “Удаан хугацаагаар ингэж болохгүй” гэсэн болохоор одоо жинг нь тавихаа больсон. Хоёр хоносоны дараа би сувилагчид нь “Эгчийн дүү, ингэж улайгаад байгаа нь зүгээр үү” гэхэд “Боолтондоо тэгж байгаа юм” гээд тоогоогүй. Энэ эмнэлэг хоногийн 110 мянган төгрөг. Үүн дээр эм, тариа, үйлчилгээ нэмэгдээд хоногт 250 мянган төгрөг болдог юм байна.
Үнэ их болохоор нь сайн үйлчилгээтэй, хариуцлагатай байх гэж бодсон чинь миний сэтгэлд хүртэл үйлчилж чадахгүй байна. Би үнэхээр гомдолтой байна. Мэдсэн бол өөр эмнэлэгт л хэвтдэг байж. Охиныг маань ийм болгочихоод Өөрсдийгөө л өмөөрөөд байх юм. Намайг юм хэлэхээр “Өчигдрийн л дусал, тариа нь гадуур нь хийгдсэн. Түүнээс өмнө нь яагаа ч үгүй. Хэрэв гурав хоног үргэлжилсэн гээд байгаа бол баримтаа аваад ир” гэсэн. Өмнө нь ингэж уйлдаггүй байсан хүүхэд уян зүү тавиулсны дараа ийм болсон нь тодорхой байгаа биз дээ. Уйлаад байхаар нь эмчийнх нь өрөө рүү тэврээд ордог. Тэгэхээр сүүлдээ намайг ад үзсэн байдалтай “Тэврээд хоно л доо” гэж загнасан. Эмнэлэгийн дарга нь “Манай үйлчилгээ таалагдахгүй байвал өөр эмнэлэгт ханд” гэж хэлсэн. Бидний гомдлыг салбарын яам нь хүлээж авах юм уу, үгүй юу бүү мэд. Ирээдүйд миний охины хөл хэвийн байх үгүйг би хэлж мэдэхгүй байна шүү дээ” гэсэн байна.
Эх сурвалж: Chuhal.mn