03.21

Г.Түвшинжаргал нь 32000 га орчим байсныг 3516,7 га талбай болгон хуурамч бичиг баримт бүрдүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт Х.Баттулга гишүүний туслах Г.Түвшинжаргалыг цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар бид мэдээлж байсан. Улмаар түүнийг өнгөрсөн баасан гарагт үргэлжлүүлэн 14 хоногийн хугацаатай хорих шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан юм. Түүнийг саатуулах болсон шалтгаан нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-той холбоотойгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн буруутгаад байгаа.

Тэгвэл уг хэргийг нарийвчлан судлах юм бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Баттулга нь 2012 оны 10 дугаар сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-нийг байгуулан тус яамны сайдын хурлын танхимд үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн бөгөөд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний ТУЗ-ын даргаар тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ний захирал Ч.Ганбатыг томилон ажиллуулж тус компаний бүхий л үйл ажиллагааг удирдуулан явуулж байжээ. Одоо Ч.Ганбатыг олон улсын цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж байна.
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ганзориг, байгаль орчны албаны ахлах мэргэжилтэн Б.Энхбаяр нар нь 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 03 дугаар сарын хооронд сайд Х.Баттулга, түүний зөвлөх Ч.Ганбатын нараас “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний төсөв, ажлын даалгаврыг 6 тэрбум төгрөг болгон материалыг нь бэлэн болго гэж өгсөн үүргийн дагуу нийт 25000 км квадрат талбайд 11 сарын хугацаанд 6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажлын даалгаврын хамт боловсруулж Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 76 дугаар тогтоолоор төсвийг батлуулсан байна.
Ингээд Х.Баттулгын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/54 тоот тушаалаар “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгууллалтын ажлыг эхлүүлэх, худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороодыг байгуулахыг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргалд үүрэг болгосон байна. Х.Золжаргал нь 2014 оны 04 дүгээр сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг газрын дарга М.Баянмөнхийг, нарийн бичгийн даргаар Х.Баттулга сайдын хувийн туслахаар ажиллаж байсан Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжргалыг томилжээ. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ганзориг нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хийж гүйцэтгэж байгаа ажлаа Г.Түвшинжаргалд танилцуулдаг байсан бөгөөд Г.Түвшинжаргал нар нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан үнэлгээ хийх газрын хэмжээг 32000 га орчим байсныг 3516,7 га талбай болгон өөрчлөн сонгон шалгаруулалтыг явуулан “Натурфрейндли” ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан байна.
“Натурфрейндли” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас хойш байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажилд нийт 4,4 тэрбум төгрөгний санхүүжилт авснаас 1,4 тэрбум төгрөгийг байгаль орчны үнэлгээ хийх ажилд зарцуулж, 680 сая төгрөг, валют арилжаанд 1,2 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжийнхээ дансуудаар дамжуулан тус компаний захирал С.Амарбаясгалан нь өөрөө болон “Монголиан прокурмент эйжент” ХХК-ий нягтлан бодогч Т.Энхцэцэгээр бэлнээр гаргуулж авч байсан баримт байна. “Натурфрейндли” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр нь нийтийн албан тушаалтнуудтай хуйвалдан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг 5,834,723,849 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-тай байгуулан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор батлагдсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан газрын хэмжээг 32000 га орчим байсаныг 3516,7 га талбай болгон өөрчлөн үнийг хэвээр үлдээж, талбайн хэмжээг багасгах аргаар болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хамт гүйцэтгэсэн гэх хуурамч гүйцэтгэлийн материал бүрдүүлэн залилан мэхэлж улсад онц их хэмжээний хохирол учруулан, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.

Цагдаагийнхан уг хэргээр Г.Түвшинжаргалыг баривчилсан бөгөөд цаашид дахин шалгах үндэслэлтэй гэж үзсэн учраас 14 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэр гаргуулсан байна. Дашрамд дурдахад “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ний ТУЗ-ын даргаар ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ний захирал Ч.Ганбатыг одоо олон улсын цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж байгаа юм.

 

Zaluu.com