Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 30-31 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болно.

Давуу тал:
Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.
Ихэнхи хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна. Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ.
Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ.
www.TOP.mn