Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Х.Гансүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжийн хурлаар Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Ингэснээр хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй болж байна уу гэсэн эргэлзээ бий болчихлоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хяналтын камераар илрүүлэх зөрчилд хариуцлага тооцож байгаа гэдгийг юун түрүүнд хэлье. 2013 оны А/80 дугаар тогтоол нь хуучин 1996 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж гарсан тогтоол байгаа юм.
Гэтэл 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсан. Шинэ хуулийн дагуу А/188 дугаар тогтоолоор бэлэн бус торгуулийг ямар журмаар зохицуулах, торгууль нь хэд байх зэргийг зохицуулж өгсөн.
Шинэ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж байна.
Хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй болчихлоо гээд буруу ойлгоод байна.
Тэргүүлэгчдийн хурлаар 1996 оны хуулийг дагаж гарсан тогтоолыг л хүчингүй болгосон хэрэг.
Замын хөдөлгөөн шинэ журмаар зохицуулагдаж байгаа учраас хуучин тогтоолыг нь хүчингүй болгосон гэсэн үг. Гэтэл хүмүүс хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй болчихлоо гээд буруу ойлгоод байна.
Шинэ хууль батлагдсан. Хуулийг дагаж гарсан журмыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш торгуулийн хэмжээ өөрчлөгдөж хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн, нэгдүгээр эгнээгээр зорчсон зэрэг зөрчилд 19,200 төгрөгийн торгууль ногдуулж, манайхаас торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь илгээж байгаа. Хариуцлага тооцохоо больсон гэсэн үг огт биш.
-Ер нь он гарсаар хэчнээн жолоочид торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь илгээсэн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Зөвхөн энэ сарын 23-ны өдрийн байдлаар хурд хэтрүүлсэн 57, гэрлэн дохио зөрчсөн 189, нэгдүгээр эгнээгээр зорчсон 1,404 автомашин бүртгэгдсэн байна.
Он гарсаар хурд хэтрүүлсэн 3,806, гэрлэн дохио зөрчсөн 6,586, нэгдүгээр эгнээгээр зорчсон 72,322 автомашин байгаа юм. Тухай бүрт гэрийн хаягаар нь торгуулийн хуудсыг хүргэж байгаа.
-Зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжийг байрлуулж эхэлсэн шүү дээ. Он гарсаар хэчнээн автомашин уг төхөөрөмжид хурд хэтрүүлж бүртгэгдсэн бол. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Зөөврийн хурд хэмжигч нь тухайн машины хөдөлгөөнд оролцож буй хурдыг нь хэмждэг. Энэ хэмжигчид 60-90 км/ц-ын хооронд хурд хэтрүүлж бүртгэгдсэн жолооч 19,200 төгрөгөөр торгуулна.
Шинээр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд мөн 91 км/ц-аас дээш хурдтай явсан жолоочийг 48 мянган төгрөгөөр торгохоос гадна тээврийн хэрэгсэд жолоодох эрхийг нь зургаан cap хүртэлх хугацаагаа хасна гэж тодорхой заасан байгаа.
Он гарсаар зөөврийн хурд хэмжигч 1,104 удаагийн зөрчлийг илрүүлж, жолооч нар нь торгууль хүлээсэн. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар гэхэд 25 жолооч хурд хэтрүүлж, эрхээ хасуулсан байх жишээтэй. Жолооч нарын дунд нийтлэг гаргадаг нэг алдаа бий. Камертай газруудад хурдаа хасаад, камергүй газруудад хурд хэтрүүлдэг.
Тиймээс жолооч нарын хурд хэтрүүлдэг нийтлэг замуудыг сонгож, зөөврийн хурд хэмжигчийг байрлуулсан. Манай мэргэжилтнүүд байнга хэмжилт хийж байгаа. Бүх зам хяналттай болсон гэдгийг жолооч нартаа хэлмээр байна. Тиймээс нийт жолооч нартаа хотын замд хурдаа 60 км/ц-аас хэтрүүлэхгүй байхыг уриалж байна.
-Зөрчлийг харж байхад жолооч нарын дийлэнх нь нэгдүгээр эгнээгээр зорчсон байна?
-Зөрчил гаргасан жолооч нарын дийлэнх нь нэгдүгээр эгнээгээр зорчсон байдаг. Үүнийг бууруулах чиглэлээр бид ажиллаж байгаа. Жолооч уулзвараар эргэхдээ тасархай шугамаар баруун эргэх ёстой. Харин гарцаар эргэхдээ нэгдүгээр эгнээ рүү орохгүйгээр хоёрдугаар эгнээнээс шууд эргэх ёстой. Энэ дүрмийг мэдэхгүйгээсээ болоод жолооч нар их торгуулж байгааг сануулж хэлмээр байна.
-Гэрийн хаягаар ирүүлсэн торгуулийн хуудсыг тухайн жолооч хүлээн зөвшөөрөхгүй, дахин нягтлах хүсэлтэй тохиолдолд хаана хандах вэ?
-Мэдээж, нягталж болно. Ийм тохиолдолд “Зоос гоёл”-ын урд талд байрлах “Улаанбаатар” шилэн банкны есдүгээр давхрын 901 тоотод хүрч ирээд өөрийн зөрчлийн талаар баталгаажуулсан Замын цагдаагийн ажилтантайгаа уулзах, эсвэл хяналтын камерт бичигдсэн дүрсийг үзээд хянаж болно.
-Ямар нэг бичиг баримт хэрэгтэй юу?
-Жолооны үнэмлэх, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, торгуулийнхаа хуудсыг авч ирэхэд болно.