03.25

Э.Бөхбат: Улсын хэмжээнд 15224 жолооч оноогоо хасуулаад байна

Сүүлийн үед жолоочийн зөрчлийн онооны системийн талаар олон нийтийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл явж байна. Тиймээс ЗЦГ болон ЦЕГ хамтран “Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам", Жолоочийн эрхийн үнэмлэхний дахин олголт, камерын хяналтаар торгууль оногдуулах болон замын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Онооны систем хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн  байдлаар хэдэн жолооч оноогоо хасуулаад байна вэ?

-Онооны систем хэрэгжиж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15224 жолооч оноогоо хасуулаад байна. Тэднээс 10 мянга гаруй нь нийслэлд оноогоо хасуулсан байгаа. Оноогоо хасуулж буй жолооч нарын 12.7000 орчим нь хамгаалах бүсний зөрчлөөр оноогоо хасуулсан. Бусад нь хүн ба ачаа тээвэрлэх журам, гэрэл дохио зэргийг зөрчсний улмаас оноогоо хасуулжээ.

-Жолоодох эрхийн 10 оноогоо хасуулсан жолооч бий юу?

-Одоогийн байдлаар оноогоо хасуулаад эрх нь зөрчигдсөн жолооч байхгүй. Бүртгэлийн системээс харахад дөрвөн оноотой үлдсэн зургаан жолооч бий.

-Зам тээврийн осол гаргасан хоёр жолоочоос хоёулангаас нь оноо хасч байна гэх мэдээлэл бий?

-Буруу ташаа мэдээлэл их яваад байна. Зам тээврийн осол гаргасан жолоочоос 5 оноо хасах нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр тухайн замын  хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочоос хасна. Түүнээс биш нөгөө холбогдогч жолоочид ямар ч хамааралгүй.

-Осол гаргасан тохиолдолд даатгалын компаниуд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

-Иргэдийн дунд даатгал авахын тулд цагдаагийн байгууллагын тодорхойлолт хэрэгтэй гэсэн ойлголт бий. Иргэний маргаан гараагүй тохиолдолд цагдаагийн байгууллагын оролцоо байхгүй. Зөвхөн даатгалаараа асуудал шийддэгдэнэ. Даатгалаас жолоочийн хохирол барагдуулахад цагдаагийн байгууллагын тодорхойлт шаардах ёсгүй.

- Хяналтын камерийн системээр илэрсэн зөрчлийг хаягаар хүргүүлэхээ больсон гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Болиогүй ээ. 2013 онд НИТХ-аар батлагдсан журам хүчингүй болсон. Яагаад хүчингүй болсон бэ гэвэл, 2015 оны есдүгээр сараас дагаж мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн Хууль зүйн сайдын А-188 тоот тушаалаар энэ харилцааг зохицуулж эхэлсэн. Тиймээс хуучин байсан НИТХ-ын журам цуцлагдсан. Тэгэхээр камерийн системээр бүртгэгдсэн зам тээврийн зөрчлийг хаягаар хүргүүлэх ажил зогсоогүй.     

П.Эрдэнэбат:Өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй жолооч  шар үнэмлэхээ солиулсан

  Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодруулав.

-Хуучин загварын жолооны үнэмлэхээ солихыг замын цагдаа нар шаардаж байна гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?
-Замын цагдаагийн газраас ч юм уу манай алба хаагчид шаардаад байгаа хэрэг биш юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолоодох эрхийн үнэмлэхийг арван жилийн хугацаатай олгоно гээд заачихсан байгаа. Харин олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн хугацааг гурван жил байна гэсэн байдаг.

Энэ дагуу үнэмлэхийнх нь хугацаа дууссан тохиолдолд хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. 2007 болон түүнээс хойш авсан үнэмлэхийн хугацаа нь дуусаагүй учраас хүчинтэй хэвээрээ гэсэн үг. 
-Жолооны үнэмлэх олгосон жилээс хамаарч байгаа юм байна, тийм үү?
-Тийм. Жолооч нар үнэмлэхийнхээ хугацааг нэг харчих хэрэгтэй. Анх авснаас хойш 10 жил өнгөрч хугацаа нь дууссан бол шинээр солиулах нь тухайн хүний үүрэг. Замын цагдаагийн газраас  соль гээд шаардлага тавиад байгаа  ажил биш юм.

2015 онд 1100 орчим жолооч шар үнэмлэхээ солиулсан байдаг. Өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй жолооч  шар үнэмлэхээ солиулжээ. Энэ ондоо үлдсэн шар үнэмлэхүүдийг солино гэсэн бодолтой байгаа. Тиймээс иргэд өөрсдийн зав чөлөө нөхцөл боломжийг харж Лицензийн төвд хандах хэрэгтэй.

-Манай улсад нийт хэдэн хүн жолооны үнэмлэхтэй вэ?

-Улсын хэмжээнд 1 сая 800 орчим хүн жолоодох эрхийн үнэмлэхтэй.  Тэдний 40 мянга гаруй нь шар үнэмлэхтэй, 200 мянга гаруй үнэмлэхний хугацаа нь дууссан байна. Эдгээр дотор нас барсан, гадаад дотоодод амьдардаг иргэдийн үнэмлэх багтаж байгаа.
-Үнэмлэхээ шинээр солиулахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандана. Хоёр хувь цээж зураг, 12500 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар, үнэмлэх сольж өгөхийг хүссэн өргөдөл гаргана. Шинэ үнэмлэхийг ажлын гурав хоногт багтаан олгоно.

www.zaluu.com

 О.Сайхан