ШӨХТГ-аас 2016-2017 оны хичээлийн жилд их дээд сургуулиудын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр сургуулиудын удирдлагууд болон БСШУ-ны сайдад Баасан гарагт албан бичиг хүргүүлжээ.
Албан бичигт
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л .ГАНТӨМӨР ТАНАА
Хүсэлт гаргах тухай
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, төрийн бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах дүнг мэдээлэх, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зах зээлд ноёлох өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг билээ.
Тус газарт хичээлийн шинэ жил эхлэх үеэр хэрэглэгчдээс их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн өөрчлөлттэй холбоотой өргөдөл, гомдол ихээр ирдэг. Өнгөрсөн жил их дээд сургуулийн сургалтын төлбөр, бусад үйл ажиллагаатай холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийхэд зарим их сургуулиуд сургалтын төлбөрийг 10-аас 68 хувиар үндэслэлгүй нэмэгдүүлсэн, шинээр элсэн орж байгаа оюутнуудад эмнэлгийн халаад, футболк авахыг тулгасан зэрэг зөрчлүүд илэрч холбогдох арга хэмжээ авсан юм.
Иймээс тус газраас 2016-2017 оны хичээлийн жилд дээрх зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх, оюутнуудын сургалтын төлбөр дээр иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулж төлбөр хураамж авахаас урьдчилан сэргийлэх үүднээс 20 их, дээд сургуульд зөвлөмж хүргүүлээд байна.
Энэхүү зөвлөмжид их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд мэдээлж, элсэгчид их. дээд сургуульд бүртгүүлэх, мэргэжил сонгоход нь үнэн зөв мэдээлэл хүргэхийг зөвлөсөн болно.
Иймд тус агентлагийн зүгээс авч хэрэгжүүлж буй энэхүү ажлыг дэмжиж, сургалтын төлбөрөө босго онооны хамт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхээс өмнө олон нийтэд мэдээлэх үүргийг өмчийн бүх төрөлд хамрах их, дээд сургуулийн удирдах зөвлөлд чиглэл өгч xaмтарч ажиллахыг Танаас хүсье гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Зөвлөмж хүргүүлсэн Төрийн өмчит их, дээд сургууль
1. Монгол Улсын Их Сургууль /МУИС/
2. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/
3. Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/
4. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/
5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль /ХААИС/
6. Хууль Сахиулахын Их Сургууль /ХСИС/
Энэ жилийн ЭЕШ зургаадугаар сарын 15-нд монгол хэл бичгээр эхэлнэ. Хэрэв их, дээд сургуулиуд ШӨХТГ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлбэл БОСГО ОНОО, СУРГАЛТЫН ТӨЛБӨРөө зургаадугаар сарын 15-наас өмнө олон нийтэд мэдээлнэ.
www.time.mn