03.30

Кино театруудын удирлагуудад хүргэх ил захидал

Сургуулийн өмнөх насны охинтойгоо кино театрт кино үзсэн аав Монголд үйл ажиллагаа явуулдаг кино театруудын удирдлагуудад өөрийн цахим хуудсаараа дамжуулан ил захидал хүргүүлжээ. Тэрээр ил захидалдаа "Хүүхэлдэйн кинонд Монгол дуу оруулан байж хүүхдүүддээ үзүүлдэг болох хэрэгтэй"-г онцолсон байна.

Иргэн Д.Уламбаярын ил захидлыг завсаргүйгээр уншигч танаа сонирхуулъя.

Тэнгис кино театрын хөрөнгө оруулагчид, удирдлагууд, хамт олонд

Сайн байцгаана уу. Тарган тавтай сайхан хаважиж байна уу.

Охиныгоо бид Бумбал хэмээн өхөөрдөн дууддаг. Одоо 4 настай, цэцэрлэгт явдаг. Саяхан охиноо, бас хэдэн хүүхдүүдийн хамт дагуулаад танайд шинээр нээгдсэн “Амьтадын хот” хүүхэлдэйн киног үзэв. Одоо Кунг-Пу пандаг үзэхээр товлоод байгаа. Ер нь би шинэ хүүхэлдэйн кино гарах бүрд ойр хавийн дүү нарынхаа “зулзаганууд”-ыг хамж аваад хамтдаа үздэг хоббитой. Тэр өдөр хажуугийн эгнээд нэг жоохон хүүхэд уйлаад байсан болохоор жаахан төвөшөөх сэтгэл төрсөндөө хэрэгт дурлаад тэнд байгаа бага насны хүүхдүүдийн тоог багцаагаар гаргахыг оролдов. Лав л 30 хүрээд байтал гэрэл унтраад кино эхэлсэн юм. 
Хариад охиноосоо кино үзээд юу ойлгосон талаар жаахан байцаав. Тэр киноны баатаруудын нүүр царайны хөдөлгөөн, унах босох, уйлсан инээсэн тухай сайн төсөөлж ярьж байсан мөртөлөө тэдний хоорондын үг ярианаас нь нэгийг нь ч санахгүй байв. 
Яагаад ингээд байгаа талаар гэнэт ухаараад өөрийнхөө тэнэгийг гайхаж, та нарын хайхрамжгүй, сэтгэлгүйд дургүй хүрч уур минь бадарч, уушиг минь сагсайж энэхүү захидлыг бичиж сууна. Магад та нар надтай адил тэнэгүүд байж таараад энэ бүхнийг огт анзаараагүй яваад байгаа ч юм билэв үү хэн мэдлээ. Хүн хэлэхээс нааш гэдэгчлэн бидний бяцхан үрсэд минь тус, та бүхний бизнест хариуцлага нэмэгдэг хэмээн хүн бүрт мэдээжийн илт ганц санааг хэлж хошуу нэмсү.
Энэ нь манай кинотеатрууд гадаадын шинэ киног үзэгчидэд хүргэхдээ муухан шиг махчилж орчуулаад бичгээр шидчихдэг. Юм уншиж чаддаг бичиг үсэгт тайлагдсан хүмүүст бол энэ нь нэг их түвэг удаад байдаггүй. Ойлгоод л авчихдаг. 
Гэтэл сургуульд суугаагүй бяцхан үрдсээ бид “ Та нар өөрсдөө л сайн дураараа мөнгөө төлж кино үзэж байгаа биз дээ. Ойлговол ойлго. Ойлгохгүй бол тэр л биз. Бичиг үсэг сураагүй нь та нарын хохь чинь” гэж хэлж байгаа мэт хандаж байна. Кинон дундуур дэлгэцийн доод хэсэгт хоромхон зуур үзэгдээд өнгөрөх хэдэн үгсийг тань цэцэрлэгийн хүүхэд байтугай 2, 3-р ангийнхан хүртэл гүйцэц уншиж чаддаггүй юм байна.
Одоо нэг үеэ бодоход та бүхний бизнес, гадаад дотоод харилцаа тань сайжирч хэнтэй юу ярих, хэдий хэмжээний зардалаар шинэ кино авч ирж хэр хэмжээний орлого олохоо багцаагаар ч болов мэддэг болсон байх ёстой.
Иймд цаашдаа шинээр үзэгчдийн хүртээл болгох бүх хүүхэдлэйн кинонд дуу оруулж байж гаргаж байгаач. Энэ бол гуйлт, бас хүсэлт, бас санал, бас заавал биелүүлэх шаардлага. Хүүхдүүдээ хайрлая, Тэдэндээ за гэж хэлье. Бичиг үсэг мэдэхгүй байгаа нь тэдний буруу бус зүгээр л цаг нь болоогүй байна. 
/Хувийг Хүүхдийн төлөө үндэсний газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт /

Хүндэтгэсэн: 
Бумбалын аав Д.Уламбаяр
2016 оны 03 сарын 26